Шинэ коронавирусний халдвартай 10 хүний биеийн байдал тогтвортой, сайжирч байна. Франц иргэний хувьд, 10 хоногийн дотор эмчилнэ гэдгээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ийнхүү мэдэгдлээ. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдээс ес, Франц улсын нэг иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж буй. Хүндээр өвдөж байсан хоёр иргэний биеийн байдал тогтворжсон, ерөнхийдөө бүх хүний биеийн байдал дунд зэрэг байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ. Тэрбээр, “Франц иргэний уушгийг манай эмч нарийвчлан үзээд сэргэж байгаа өөрчлөлтийг нь хэлж, эмчилгээ зохиж байгааг дуулгасан. Тухайн франц иргэн эмчдээ хандаж “би инэээж байна, танд ч бас инээд бэлэглье” гэсэн сайхан мессеж бичжээ. Хамгийн багадаа энэ өвчтөнийг 10 хоногт эмчилнэ. Цаашид ч бусад өвчтөнөө эмчилж аврах болно” хэмээв.
"Истанбул-Улаанбатаар" чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс эхний ээлжинд архаг хууч өвчтэй, өндөр настай зэрэг 24 хүнийг сонгон шинжлэхэд шинэ коронавирусний халдвар илрээгүйг тэрээр мэдээлэлдээ онцоллоо. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 51 хүний шинжилгээнээ сөрөг буюу шинэ коронавирусний халдвар илрээгүй байна. Хүмүүсийг дэс дараалалтай сонгон шинжилж, нягтлаад дахин хянаж байгааг тодотгов. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээн сөрөг гарсан сайхан мэдээтэй уулзаж байгаагаа илэрхийлэв.
Өнөөдрийн 11.30 цагийн байдлаар, дэлхий даяар шинэ коронавирусний халдвар илэрсэн 192 улсад 337 570 хүн өвчилж, 14 655 хүн амиа алдаж, 98 884 хүн эдгэрчээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/