“Омикрон”-ы вакцины эмнэлзүйн туршилт 3-4 сар үргэлжлэх төлөвтэй байна

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. “Омикрон”-ы хувилбаруудын эсрэг вакцины эмнэлзүйн туршилт 3-4 сар үргэлжилж, үе шаттайгаар хэрэглэж эхлэх төлөвтэй байна гэж Хятадын Үндэсний биотехнологийн групп /CNBG/ лхагва гарагт мэдээлжээ.

“Эмнэлзүйн өмнөх судалгаа вакцин “омикрон”-ы хувилбаруудыг сайн саармагжуулж байгааг харуулсан” гэж уг вакциныг гарган авсан “CNBG” группийн дэд ерөнхийлөгч, ахлах эрдэмтэн Жан Юньтао цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Мөн амьтдад хийсэн туршилтуудаар вакцин “омикрон”-оор халдварлахаас тодорхой хэмжээгээр хамгаалж байгаа нь харагдсан болохыг тэрбээр нэмж хэлээд, эмнэлзүйн туршилтаар үүнийг нарийвчлан судлах шаардлагатай гэдгийг онцолжээ.

Хятадын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар уг вакцины эмнэлзүйн туршилтыг явуулах зөвшөөрлийг мягмар гарагт олгосон юм. Эмнэлзүйн туршилтаар түүврийн, бүлгийн зэрэг судалгааны аргуудыг ашиглан идэвхгүй вакцины аюулгүй байдал, дархлаа үүсгэх чадварыг судлах бөгөөд үүнд “COVID-19”-ийн вакцины хоёр юм уу гурван тунг тариулсан 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг хамруулна.

“CNBG” группийн дэд ерөнхийлөгч, ахлах эрдэмтэн Ян Хуйчуань ярьснаар, “омикрон”-ы хувилбаруудын эсрэг вакциныг амжилттай гарган авч чадвал “CNBG” шинэ вакцинаа үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадал, тоног төхөөрөмжийн зохицуулалт хийх ажээ.

Сэтгэгдэл бичих