ДЭМБ цар тахал дуусаагүй байгааг анхааруулав

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Дэлхий даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдол, нас барсан тохиолдлын тоо үргэлжлэн буурсаар байгаа ч тэдгээрийн дийлэнх нь шинжилгээний тоон үзүүлэлт буурсантай холбоотой тул цар тахал дуусах болоогүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-д коронавирусний халдварын улмаас 15 мянга гаруй хүн нас барсан талаар мэдээлэл ирсэн нь 2020 оны гуравдугаар сараас хойш долоо хоногт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Гэсэн хэдий ч олон улс орон шинжилгээний хүрээгээ хумьж байгаагийн зэрэгцээ ДЭМБ-д ирүүлж буй халдварын тархалт, генийн дарааллын талаарх мэдээлэл улам бүр багасаж байгааг харгалзан сонор сэрэмжтэй байх шаардлагатай гэдгийг тэрбээр тодотгон хэлжээ.

Түүний ярьснаар, “Ийм байдал нь халдварын тархалт, хувьслыг судлах нөхцөл боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд вирусийг шинжлэн илрүүлэхээ зогсоолоо гээд устаж үгүй болохгүй, эсрэгээрээ улам тархаж, хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн амь насыг авч одсон хэвээр байна”. Ялангуяа аминд халтай вирусийн хувьд үл тоомсорлох нь аюултай учраас ДЭМБ улс орнуудад шинжилгээ оношилгоогоо үргэлжлүүлэхийг уриалсаар байна.

“COVID-19” цар тахлын онцгой байдлын дараах шинэ үе шатанд орох тухай Европын Холбооны саяхан гаргасан шийдвэрийн тухайд, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан хэлэхдээ, вирус болон түүний хувьсан өөрчлөгдөх эрсдэлийг анхаарлын гадна орхих цаг болоогүй байгааг сэрэмжлүүлжээ.

ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керхове ч мөн адил, “Сүүлийн үед нааштай хандлага ажиглагдаж байгаа ч шинжилгээний стратегид асар их өөрчлөлт орж, дэлхий даяар хийгдэж буй шинжилгээний тоо ихээр буурч байгаа тул “дэлхийн хэмжээнд бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоон үзүүлэлтэд төдийлөн итгэлгүй байгаагаа” илэрхийлсэн байна.

Харин эерэг талаас нь авч үзвэл өөрчлөлт гарч байгааг та бид харж байна хэмээн үргэлжлүүлэн хэлээд, бид энэ цар тахлын өөр үе шатанд шилжиж байгаа хэдий ч цар тахал үргэлжилсээр байгаагаас гадна дэлхий нийтийн асуудал хэвээр байна гэв. Иймд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг улам чангатгаж, хүмүүсийн амь насыг хамгаалж, эдийн засгаа хэвийн байдалд оруулж, хүмүүсийн амьжиргааг аврах цаг болсон гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих