Улсын бүртгэлийн сангаас иргэний мэдээллийг устгах боломжгүй гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, зарим иргэний мэдээллийг улсын бүртгэлийн сангаас устгасан тухай мэдээ цахим орчинд гарсан тул УБЕГ-аас хэвлэлийн хурал хийж, албан ёсны тайлбар өгсөн юм.
Энэ үеэр тэрбээр, “Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сан Цахим мэдээллийн сан, Архивын эх нотлох баримт бичгийн мэдээллийн сангаас бүрддэг. Энэ хоёр сангийн мэдээлэл зөрсөн тохиолдолд архивын эх нотлох баримт бичгийг баримталдаг. Улсын бүртгэлийн мэдээллийн санд шинэ мэдээлэл нэмж болно. Мөн иргэний мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болдог. Харин мэдээлэл устгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэний мэдээлэл, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл байдаг тул нууцын зэрэглэлтэй байдаг. Тиймээс төрийн тусгай байгууллагын хяналтанд үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Г-гийн хувьд 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэлээ хүчингүй болгуулахаар хандсан. Ингэхдээ “Би өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй” гэсэн гомдол гаргасан бөгөөд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон байна” хэмээв.