Эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч, МЖБХ-ны ерөнхийлөгч, гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга, БТСУХ-ны үндэсний шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч, гавьяат тамирчин, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, багш, дасгалжуулагч нар болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд нийт 22 багийн 200 орчим тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.
Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ 2022 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дундговьд зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн, Монголын тамирчид олимпоос 30 медаль авсны 11-ийг нь жүдочид авсан, тамирчид маань үнэхээр онцгой тоглолт үзүүлдэг гэдгийг онцлоод энэ удаагийн тэмцээн бол 2024 оны Парисын олимп, 2022 оны Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах өндөр ач холбогдолтой тэмцээн юм гэлээ.
Тамирчид эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөх ба тэмцээн 2 өдөр үргэлжилнэ.