Хятад улс энэ онд нүүрсний олборлолтын хүчин чадлаа 300 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай лхагва гарагт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд эрчим хүчний эх үүсвэр бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор нүүрсийг байгальд ээлтэй, үр ашигтай ашиглах, нөөц бүрдүүлэх байгууламж барих ажлыг эрчимжүүлэх, нүүрсний үнийг боломжийн хэмжээнд барихыг хичээх шаардлагатай байгааг хуралд оролцогчид цохон тэмдэглэсэн байна.
2021 оны намар Хятадын 20 орчим муж болон бусад бүс нутагт нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний сүлжээнд ачаалал үүссэний улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээнд янз бүрийн хязгаарлалт хийсэн юм. “Жүншин Жинвэй” сонинд бичсэнээр, нүүрсний хомсдолд хүргэсэн гол шалтгаан нь үнэ өссөн, байгаль орчны үндэсний стандартыг чангатгасан, мөн импортын нийлүүлэлт тасалдсантай холбоотой байжээ.