Одоогоос 39 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол хүн, Монгол Улсын сансрын нисгэгч сансар огторгуйд ниссэн тухай мэдээ дэлхий даяар цуурайтсан түүхэн өдөр билээ.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар энэ өдрийн 14.58 цагт хуучин ОХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас 1981 оны III сарын 22-ны өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд ниссэн юм. “Союз-39” хөлгийн баг эх дэлхийгээ 124 удаа тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд дэлхий дээр амжилттай газардаж байсан билээ.
Дэлхийн улс орнуудаас Монгол Улс сансрын нисгэгчээ эх дэлхийгээс нисгэсэн 10 дахь орон болж, сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн бөгөөд монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдлын нэг юм. Сансрын нисгэгч, Монгол Улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтөний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн билээ. Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ.
Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм.