Монголын эмэгтэй багаас эхний өдөр 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

“Улаанбаатар-2022” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн барилдаанаар эхэлж, Монголын 5 тамирчин нутгийн дэвжээн дээр хүч үзэн бүгд медалийн төлөө барилсанаас 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.

Тухайлбал, 68 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүж байна. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртлээ.

Э.Дэлгэрмаа медалийн төлөөх барилдаанд хэсэгтээ 1:2-оор ялагдсан, 2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт,  2019 оны дэлхийн залуучуудын аварга Японы Нарүха Мацүюкитай дахин таарч барилдсан. Тус барилдаанд манай бөх даагаа нэхэж 4:0-ээр ялав.

“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 59 кг-д Азийн дэвжээнээс 3 дахь мөнгө, 4 дэх медалиа зүүв. Тэрбээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм.

Японы Сара Натамитай хийж 2:4-өөр ялагдаж, Энэтхэгийн Саритаг 2:1-ээр, Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр илүүрхсэн Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялснаар /10:0/ медалийн индэрт зогсов.

2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал эх орныхоо дэвжээнд 55 кг-д үзүүрлэв. Монголын багийн 2 дахь мөнгөн медалийг авлаа. Түүний жинд 5 бөх тойргоор барилдсан бөгөөд 3 ялж, 1 ялагдсан юм. Г.Отгонжаргал залуучуудын дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан ч Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр, Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр, Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар илт илүүрхэж ялснаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болов.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр 3 жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлсэн бөгөөд энэ удаа шигшээд “Осло-2021” дэлхийн аварга Японы Ремина Йошимотод 2:12-оор ялагдсан. Ц.Намуунцэцэг Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралим, Энэтхэгийн Манишаг тус бүр цэвэр ялж шигшээд хүрсэн юм.

Сэтгэгдэл бичих