Монголын эмэгтэй бөхчүүд медалийн төлөө барилдана

оруулсан Алсын Хараа

Чөлөөт, сонгомол бөхийн “Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 59, 68, 76 кг жингийн тойргийн барилдаан үдээс өмнө боллоо.

Өнөөдөр барилдсан манай 5 бүсгүй орой 18.00 цагт бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тодруулбал, 50 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм.

Харин 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Баатаржавын Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр 2 ялж, 1 ялагдаж хүрэл медаль дээр авах нь тодорхой болсон. Тэд үдээс хойш медалийн өнгөө хувиргах хариуцлагатай барилдаанаа хийнэ.

Сэтгэгдэл бичих