Оросын Засгийн газар дайныг зогсоох нөхцөлтэй гэрээний төслийг Украины талд илгээснээ мэдээлжээ

оруулсан Алсын Хараа

Өчигдөр ОХУ-ын эрх баригчид дайны галыг зогсоох нөхцөл бүхий гэрээний төслийг Украины талд илгээсэн тухай мэдээлжээ. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин талуудын яриа хэлэлцээ “төгсгөл” болсныг хэлж байсан юм.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Одоо бөмбөг Украины талд байгаа. Бид хариу хүлээж байна” гэж хэлжээ. Тэрбээр гэрээний төсөлд яг ямар нөхцөлүүд тусгасан, өмнө тавьж байсан саналуудаас өөрчлөгдсөн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Киевийн эрх баригчид гэрээний төслийг хүлээн аваад танилцаж байгааг мэдэгджээ. Энэ долоо хоногт Оросын зэвсэгт хүчин Донбассын бүс нутагт шинэ довтолгоо эхлүүлсэн билээ. Үүнийгээ Москвагийн эрх баригчид “цэргийн тусгай ажиллагаа”-ныхаа хоёрдугаар үе шат гэж нэрлэж байгаа.

Одоогоор Украины дорнод хэсэгт Азовын тэнгисийн боомт хот Мариуполь Оросын цэргийн бүслэлтийг эсэргүүцэн тулалдсан хэвээр байна. Тус хот дахь Азовсталь гангийн үйлдвэрийн байгууламж Мариуполийг хамгаалагчдын сүүлчийн түшиц газар болоод байна.

Мягмар гарагт тэнд тулалдаж буй Украины цэргүүд Оросын тал үйлдвэрийг газартай тэгшлэх зорилгоор хүчтэй бөмбөгдөж эхэлснийг мэдээлсэн юм. Дайн эхлэхээс өмнө 450,000 оршин суугчтай байсан Мариуполь хотод одоо хэчнээн энгийн иргэн үлдсэн нь тодорхойгүй байна.

Өчигдөр Украины Засгийн газар тус хотын энгийн иргэдийг өөрийн хяналтад байгаа Запорожье хот руу шилжүүлэх хүмүүнлэгийн коридор гаргах урьдчилсан тохиролцоонд хүрснээ мэдээлжээ. Мариуполийн захирагч Вадим Боиченко үлдсэн оршин суугчдад хотоос яаралтай гарч явахыг уриалсан байна.

Хүмүүнлэгийн коридор гаргах өмнөх оролдлогууд Оросын тал саад хийсний улмаас бүтэлгүйтэж байсан юм. “Запорожье руу нүүхээс битгий айцгаа. Тэнд хоол хүнс, эм тариа гээд хэрэгтэй бүх тусламжийг авч болно. Хамгийн гол нь тэнд та бүхэн аюулгүй байх болно” гэж Боиченко мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дорнод фронт дээр ширүүн тулаан өрнөж буйг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Оросын тал бүх хүчээ Донбасст хаяж байгааг тэр энэ үеэр хэлжээ. “Тэд байлдах чадвартай бүх хүн хүчээ Украины эсрэг тулаанд оруулж байна” гэж хэлсэн юм.

Оросын талын гол зорилго нь Донбасс дахь Украины зэвсэгт хүчнийг өмнөд, умард, зүүн талаас нь довтлон бүсэлж, Путинд зайлшгүй хэрэгтэй байгаа ялалтыг байгуулах явдал гэж өрнөдийн цэргийн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

Сэтгэгдэл бичих