НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Байгаль орчны хөтөлбөрийн хамтран гаргасан "Дэлхийн ойн байдал 2020" тайланд дурдсанаар, 1990-2020 онд дэлхийн хэмжээнд нийт 420 сая орчим га ой устжээ.
Газар тариалан өргөжин тэлж, ойр ойрхон түймэр дэгдэж, ашигт малтмалын олборлолт нэмэгдэж буй болон дэд бүтцийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд ойн доройтол, ойн хомсдол хурдсаж байна.
Ойн доройтол, хомсдол хүрээгээ тэлж буйг зогсоохын тулд улс орнууд ойжуулалтын хүчин чармайлтаа өргөжүүлж байна.
Жилд 16 сая га-гаар хэмжигдэж байсан ойн доройтлын хэмжээ хүчин чармайлт гаргасны дүнд 2015-2020 онд 10 сая болж буурчээ. Энэ амжилтад Хятад улсын тууштай хүчин чармайлт ихээхэн хувь нэмэр болсон байна.
Ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр Хятад улсын Засгийн газар сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий дахинд үлгэр жишээ болохуйц хүчин чармайлт гаргасан гэж НҮБ үнэлж байна.
НҮБ-ын ХХААБ-аас 2021 онд явуулсан ойн нөөцийн талаарх судалгааны тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан 236 улс орон, засаг захиргааны тусгай бүс дотроос 1990-2020 онд гаргасан ойжуулалтын хүчин чармайлтаараа Хятад улс тэргүүлжээ.
Дэлхий даяар тарьсан ой модны хэмжээ 1990 онд 170 сая га байсан бол 2020 онд 292.6 сая га болж нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтийн бараг гуравны нэгийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна.
Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл, Хятад улс энэ хугацаанд Азийн таримал ойн бараг гуравны хоёрыг дангаараа бүрдүүлсэн нь гайхалтай амжилт бөгөөд дэлхийн ойжуулалтад Хятад улсын оруулсан хувь нэмэр зөвхөн тарьсан ойгоор хязгаарлагдахгүй. НҮБ-ын холбогдох газруудын мэдэгдсэнээр, Хятад улс ойн бүрхэвчийг нэмэгдүүлэхэд тууштай, онцгой хувь нэмэр оруулсан нь сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан чухал хөрөнгө оруулалт болжээ.
Ой бол хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралыг тэтгэдэг үнэлж баршгүй баялаг юм. Ой мод нь хүн төрөлхтөн, ан амьтдыг цэвэр ус, агаараар хангаж, амьдрах орчин, усны хагалбарыг хамгаалах, хөрсний доройтол болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, ой модыг хамгаалахад хангалттай хөрөнгө оруулахгүйгээр тогтвортой хөгжлийг хангах боломжгүй гэж НҮБ үзэж байна.
Хятад улс ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж буй бөгөөд тус улсын ойн бүрхэвчийн хэмжээ 1990 онд 157 сая га байсан бол 2020 оны байдлаар 220 сая га болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 1990 онд тус улсын нийт газар нутгийн 16.4 хувийг ой эзэлж байсан бол өнгөрсөн оны байдлаар 22.9 хувьд хүрсэн байна.
Хятад улс ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон тооны арга хэмжээ хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, тус улсын Засгийн газар 1978 оноос хойш цөлжилттэй тэмцэж, элсний нүүдлийг зогсоох, ойн бүрхэвчийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ногоон хэрэм” буюу “Умардын гурван хамгаалалт” хэмээх хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.
НҮБ-ын мэдэгдсэнээр, “Умардын гурван хамгаалалт” хөтөлбөр нь Хятадын ойн бүрхэвчийг өргөжүүлж, хөрсний доройтлыг бууруулж, элсний нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар байна. Энэ хөтөлбөрийн дүнд гарсан ололт нь НҮБ-ын 2017-2030 оны Ойн стратегийн төлөвлөгөөний Дэлхийн ойн нөөцийг хамгаалах зорилт 1, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13, 15 дугаар зорилтуудыг хэрэгжүүлэхэд мөн ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн “Умардын гурван хамгаалалт” хөтөлбөрийн ачаар Хятад улсын хойд бүс нутгийн экологийн орчин орчин мэдэгдэхүйц сайжирч, үр тарианы гарц нэмэгдэж, хүнсний аюулгүй байдал сайжирч, хэдэн арван сая хүн ядуурлаас ангижирчээ.