/DW/. Оросын хийн импортод хориг тавих нь Оросоос илүү Германы эдийн засагт хохирол учруулна гэж Германы ажил олгогчид, холбоодыг төлөөлсөн байгууллагууд мэдэгджээ.
“Хийн хориг нь Германд үйлдвэрлэл буурах, улмаар зогсонги байдалд орох, үйлдвэржилт саарах, цаашлаад урт хугацаанд ажлын байр алдагдахад хүргэнэ” гэж Германы Ажил олгогчдын холбоодын конфедерацийн /BDA/ тэргүүн Райнер Дульгер, Худалдааны холбоодын конфедерацийн /DGB/ тэргүүн Райнер Хоффман нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Оросын нефть, хийн экспортод хориг тавихыг Өрнөдийн зарим орны удирдагчид болон Украин улс уриалсаар байгаа юм. Герман улсын хувьд Оросын нефтийг энэ оны эцэс гэхэд, байгалийн хийн дийлэнх импортыг 2024 оны хагас гэхэд үе шаттайгаар зогсоохоо амлаад байгаа юм.
Оросын эсрэг өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа хэдий ч Европын Холбооны орнууд өдөрт ойролцоогоор 850 сая ам.долларыг Оросын нефть, хийд төлсөн хэвээр байна. ЕХ-ны 27 орон байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг, нефтийн хэрэглээнийхээ 25 хувийг Оросоос хангадаг байна.