Төсвийн тодотголоор 520 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасна

оруулсан Алсын Хараа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.

Төсвийн тодотгол үнийн хөөрөгдлийг бууруулахад чиглэж буй. Энэ хүрээнд Төрийн хэмнэлтийн хуулийн төслийг өргөн барих бөгөөд энэ нь туйлын чухал хууль гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Тэрбээр, “Төсвийн хэмнэлтийг нэг тогтоол гаргаад эсхүл байгууллага бүр үзэмжээрээ шийдэх нь үр дүн багатай. Тиймээс тусгай хууль батлах хэрэгтэй гэсэн Засгийн газрын саналыг бүрэн дэмжиж байгаа. Түүнчлэн нийгмийн хүсэж буй зарим нэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, ТҮ зэрэглэлээр цалин авдаг хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэснийг дэмжиж байна. Засгийн газар энэ долоо хоногийн лхагва гарагт өргөн барих бөгөөд ирэх долоо хоногт багтаан батлах чиглэл гаргасан” гэлээ.

Төсвийн тодотголыг энэ удаа 800 орчим тэрбум төгрөгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байна. Үүнд тавдугаар сарын 1-нээс өмнө тендер зарлаагүй, гэрээ байгуулаагүй 520 тэрбум төгрөг багтжээ. Монгол Улсын энэ оны төсөвт нийт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаснаас үндсэндээ 50 хувийг нь хасаж буйг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолсон юм.

Сэтгэгдэл бичих