"Усан парк"-ын газарт баригдаж буй орон сууцны барилгыг МХЕГ-аас шалгаж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олны анхаарлыг татаад буй. Харин “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан “Усан паркийн төслийг зогсоогоогүй бөгөөд уг төсөл 2028 онд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн Мягмар гарагт мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-аас Ажлын хэсэг гарган өнөөдрөөс шалгаж эхэлжээ.

Энэ тухай МХЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Манайхаас Ажлын хэсэг гарган өнөөдрөөс шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын ажил явагдаж буй газарт очиж шалгалт хийсэн бөгөөд одоо тус газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл, эрсдэл болон усан парк ямар зураг төслийн дагуу баригдаж байгаа гээд бүгдийг нь шалгаж байгаа. Шалгаж дуусаад тодорхой мэдээлэл өгнө” хэмээн мэдээлэв.

Ташрамд дурдахад, "Эм Энд Жи" констракшны эзэмшлийн 11.8 га газрыг анх 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээсэн талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өмнө нь мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл бичих