Өнгөрсөн долоо хоногт монголчууд бидний амьдралд 3 чухал үйл явдал боллоо.
Эхнийх нь"Эдийн засгийн чуулган-2022". Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас санаачлан боловсруулсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг УИХ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дэмжин баталсан. Энэ бодлогоор Монгол Улсын хөгжил дэвшилд саад болж буй шинээр сэргээж нэн даруй шийдвэрлэх шаардлагатай 6 асуудлыг дэвшүүлэн тавьсан. Үүнд, Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот,хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт,Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн асуудлууд багтаж байна.
Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэх ажилд бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт "Эдийн засгийн чуулган" зохион байгууллаа. Чуулган амжилттай болж өндөрлөсөн.
Дээр дурдсан 6 асуудлыг шийдсэнээр ойрын 10 жилийн дотор манай экспорт 2 дахин, дотоодын нийт бүтээгдэхүүн 3 дахин өсөж 280 мянган ажлын байр шинээр бий болно гэж Ерөнхий сайд төсөөлж байна. Ирэх 10 жил монголчууд бидний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах он жилүүд байх төлөвтэй. Энэ бол тун сайн хэрэг.
Эдийн засгаа сэргээх бодлогын тэргүүн зэрэгт Боомтын сэргэлт эрэмбэлэгдэж байгаа нь туйлын зөв юм. Боомтуудын хүчин чадал туйлын дорой, гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдаж, хязгаарлагдмал байдалтай байгаа нь улс орны болон ард иргэдийн эдийн засгийн амьдралыг нэн хүнд байдалд оруулж байна. Бараа таваарын үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, инфляцын хөөрөгдөл зэрэг нь манай боомтуудын "түгжигдмэл" байдалтай шууд холбоотой гэж хэлж болно. Бидний өдөр тутмын амьдрал хоёр хөршөөс орж ирэх бараа таваар, контейнерийн цуваанаас дэндүү их хамааралтай байна. Тийм болохоор энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар "зориг шулуудаж" байгаа нь туйлын чухал юм.
Засгийн газраас дэвшүүлсэн боомтын сэргэлтэд “Улаанбаатар төмөр зам” ХНН үнэтэй хувь нэмэр оруулах ёстой. Сүүлийн 4 сард УБТЗ-ын шинэ удирдлага манай хоёр хөршийн төмөр замын байгууллагуудтай маш чухал хэлцлүүдийг хийж чадсан явдал нь манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал алхам болно гэж дүгнэж байна. Хятадын тал Эрээн өртөөг өргөтгөж хүлээн авах, хүлээлгэн өгөх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Эрээн-Жинин хоорондын замыг өргөтгөж шинэтгэх, харин Оросын тал Наушки өртөө болон Наушки-Сүхбаатар хоорондын замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг нэн даруй гүйцэтгэх тохиролцоонд хүрсэн байна. Энэ тохиролцоо ажил хэрэг болсноор төмөр замчдын олон жил хүсэн хүлээсэн Замын үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 галт тэрэг солилцох мөрөөдөл биелэгдэх нь.Үүний үр дүнд манай экспортын ачааны хэмжээ 50 хувиар өсөх сайхан боломж нээгдэнэ.
Дээр дурдсан Оросын төмөр замын авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10-14 болж манай нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ ч огцом өсөх боломжтой болж байна. Энэ бол Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Транзит Монгол" зорилтыг хэрэгжүүлэхэд УБТЗ-аас оруулж буй том хувь нэмэр мөн.
Цаашид Зүүнбаян-Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэхэд УБТЗ-ын үүрэг оролцоо нэн чухал бөгөөд энэ шугам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрт маш том дэвшил гарах болно.
"Эрчим хүчний сэргэлт"-ийн хүрээнд тус салбарын хэвийн алдагдалгүй (гэхдээ ашиггүй) үйл ажиллагааг хангах зорилгоор цахилгаан, дулааны үнэ, тарифыг нэг удаа 28 хувиар өсгөх асуудал хөндөгдөж чуулганд оролцогчдын дэмжлэгийг авсан.
Энэ асуудлыг шийдэхдээ өнгөрсөн 2 дугаар сарын эхээр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан нарын уулзаж тохирсон дотоодын хэрэгцээний нүүрсний төмөр замын тээврийн тарифыг 23-24 хувиар өсгөх асуудал яригдаж нэг мөр шийдэгдэхээр болсон нь төмөр замчдын хувьд сайхан мэдээ гэж үзэж байна. УБТЗ жил бүр цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтээс 14-18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг гэж бодохоор энэ бол бидний хувьд маш чухал шийдвэр гэдэг нь ойлгомжтой. Тарифын энэ өсөлтөөр манай алдагдлыг бүрэн шийдэж чадахгүй ч гэсэн шийдэх тал руугаа чухал алхам хийгдэх нь гэж ойлгож болно.
"Төрийн бүтээмжийн сэргэлт"-ийн хүрээнд төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх асуудал их хурц яригдсан.
УБТЗ-ын удирдлага 2022 оныг "Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх жил" болгон зарласан нь энэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулгатай дүйж байгаа нь тун сайн хэрэг юм. Одоо гагцхүү шинээр нэвтрүүлэх менежментийн 10 стандартын хүрээнд УБТЗ-ыг бүхэлд нь, түүний аж ахуйн салаа мөчир бүрийг үр ашигтай ажилладаг болгох их ажил хүлээж байна. Үүнд УБТЗ-ын аж ахуйн удирдагч бүрийн идэвх, санаачилга, бүтээлч байдал хамгийн чухал гэдэг нь ойлгомжтой.
УБТЗ-ын удирдлага юуны өмнө ачаа тээврийн тарифыг алдагдалгүй түвшинд хүргэж аж ахуйн үйл ажиллагааны эдийн засаг-санхүүгийн суурь нөхцөлийг хэвийн болгох зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа нь тун зөв юм. Үүнийг шийдэхгүйгээр үр ашгийн талаар мянга яриад нэмэргүй. Үүний үр дүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ 2 дугаар сарын дундуур УБТЗ-аас санал болгосон 17 бүлэг барааны тарифийг шийдэж өгсөн. Үүнээс Ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн дагуу 11 төрлийн ачаа тээврийн тарифыг 6.64-7.21 хувиар индексжүүлж, нийгэмлэгийн санхүүгийн алдагдлыг 50 орчим тэрбум төгрөгөөр буулгаж байгаа нь УБТЗ-ыг үр ашигтай ажиллуулах эхний чухал алхам гэж үзэж байна. Энэ хүнд цаг үед УБТЗ-ын удирдлага Монгол Улсын Засгийн газар болон түүний мэдлийн байгууллагууд, мөн түүнчлэн “УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчид, Ерөнхий хорооны гишүүдийн бодитой дэмжлэгийг авч байгаа нь УБТЗ-ын хамт олны эрх ашигт нийцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохирсон “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг 83.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын Засгийн газар дэмжиж өөрийн талаас гаргах мөнгөнд гол замын зүтгүүр, ачааны хагас болон тавцант вагон нийлүүлэхээр болж байгаа нь нийгэмлэгийн техникийн шинэчлэлд чухал хувь нэмэр болох бөгөөд санхүүгийн үр ашгийг сайжруулахад их дэм болох нь тодорхой.
Өнгөрсөн долоо хоногт болсон өөр нэг чухал үйл явдал бол залуучуудын жагсаал байв. Энэ удаагийн жагсаал тун онцлогтой болж өнгөрлөө. Жагсаал харьцангуй тайван болж, хөндлөнгөөс оролцох гэсэн улс төрийн болон зарим улс төрчдийн аливаа оролдлогыг таслан зогсоож байснаараа онцлог юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагыг өөрийн биеэр хүлээн авч шийдвэрлэх амлалт өгсөн нь бас нэг онцлог байсан. Энэ бол тун зоримог бөгөөд нилээн эрсдэл бүхий алхам гэдэг нь ойлгомжтой. Үүнтэй зэрэгцээд УБТЗ-ын даргын дэмжлэгтэй УБТЗ-ын залуучуудын 3-р чуулган болж бас өөрсдийнхөө асуудлыг хэлэлцсэн нь тэмдэглүүштэй. УБТЗ-ын залуучуудын байгууллага их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Одоо хаана хаанаа залуучуудынхаа тавьж буй шаардлагуудыг биелүүлэх нь л чухал байна. Манай залуучууд эрх чөлөөтэй, жинхэнэ ардчилсан улсын иргэд болж, дэлхийн улс түмэнтэй хамт мөр зэрэгцэн алхах чин эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна.
Долоо хоногийн гурав дахь онцлог бол Засгийн газраас УИХ-д өргөн барьсан "Мах, гурил, шатахууны үнийг тогтвортой барих" хуулийн төсөл юм. Уг асуудлаар УИХ энэ долоо хоногт шийдвэр гаргах байх. Эрхэм гишүүдийн санаа оноог сонсож суухад тун чиг чухал зүйлүүд хөндөн ярьсан. Тэднийхээ саналыг үгүйсгэлгүй хүлээн авч сайтар тунгаан шүүсний үндсэн дээр "харьцангуй мэргэн"шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Энэ асуудлаар бүрэн төгс шийдвэр гаргах боломжгүй гэдгийг ард иргэд бас мэдэж, мэдэрч байх нь зүйтэй. Их хүлээлт биелэхгүй бол тун ч сүрхий сөрөг үр дагавартай байж мэднэ.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд төр засаг, түмэн олон өөрсдөөс нь үл шалтгаалсан нэн хүнд нөхцөлтэй нүүр тулаад байна. Өнгөрсөн долоо хоног шийдэл хайсан долоо хоног байснаараа онцлогтой. Гэхдээ олон асуудал ойлгомжгүй хэвээр л байна.Тэвчээртэй хүлээе!
Гавьяат эдийн засагч Т.Очирхүү