Саяхан Шри Ланка улсын засгийн газар $51 тэрбумын гадаад өрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарласан билээ. Тус улс Британийн колоничлолоос 1948 онд салснаасаа хойш хамгийн гүнзгий эдийн засгийн хямралтай тулгараад байгаа. Валютын нөөц нь шавхагдсанаа тус улс зарлав. Эрчим хүчний түлш импортлох боломжгүй болж, орон даяар гэрэл цахилгаан тасалдах явдал хэвийн зүйл болжээ.
Мөн өндөр инфляц, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт Шри Ланкын иргэдийн амьдралыг хүндрүүлээд байгаа юм. Ард иргэдийн дунд эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл үргэлжилсээр байна.
Өчигдөр буюу Лхагва гарагт тус улсын засгийн газар гадаадад байгаа иргэддээ эх орон руугаа мөнгө илгээхийг уриалжээ. “Нэн шаардлагатай байгаа гадаад валютыг хандивлаж, хүнд хэцүү цаг үед эх орондоо туслах”-ыг Шри Ланкын төв банкны ерөнхийлөгч Нандалал Вирасингх гадаадад амьдардаг нутаг нэгтнүүддээ уриалсан байна.
Өмнөх өдөр нь Шри Ланка улсын эрх баригчид бүх гадаад өрийнхөө төлөлтийг хойшлуулах замаар шатахуун, хүнс, эм тариа зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход мөнгөө зарцуулах болсныг зарлаж байв. Мягмар гарагт тус улс дефолт зарласнаар зээлийн хүүний $200 саяыг өөр зүйлд зарцуулах боломжтой болсон юм.
Вирасингх гадаадад байгаа иргэдээсээ хандив цуглуулах дансыг АНУ, Их Британи, Германы банкуудад нээснийг зарлажээ. Коронавирусийн цар тахал Шри Ланка улсын аялал жуулчлалын салбарын орлогыг бууруулж, иргэдийн гадаадаас эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээг багасгасан нь хямралын эхлэл болсон юм.
Валютын нөөцгүй болсон тус улс цахилгаан станцуудын гол түлш болох дизелийг импортлох боломжгүй болсноос эрчим хүчний хомсдол үүссэн байна. Өчигдөр олон мянган хүн нийслэл Коломбо дахь ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн өргөөний гадна тав дахь өдрөө суулт хийж, эдийн засгийн хямралаас сэргийлж чадаагүй түүнийг огцрохыг шаарджээ.
Эх сурвалж: AFP