МУСГЗ, сэтгүүлч Б. Галаарид “Молор” телевизээ эрх мэдэлтнүүдэд дээрэмдүүлсэн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by Зөв.мн on Thursday, March 19, 2020
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид өнөөдөр /2020.03.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг хуулийн байгууллагаар шалгуулж, асуудлыг дуустал нь явах болно гэж мэдэгдлээ.
Б.Галаарид “Эдийн засагч Л.Наранбаатар гэдэг залуугийн яриад байгаа асуудал, сошиалд гарсан мэдээлэл, телевизээр цацагдсан нэвтрүүлгийн дараа УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбогдох энэ асуудлыг ярих нь зөв юм байна гэж шийдлээ.
Би МСНЭ-ийн ерөнхийлөгч болохын өмнө “Цалиг” нэртэй кабелийн телевизийн сувагтай байсан. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр нэг жилийн хугацаатай эрх авсан байсан юм. 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод сувгаа цацахаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Эрх нь дуусаж, сунгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/-нд хандтал “Стандарт хангасан телевизтэй байхгүй бол сунгахгүй” гэсэн. Гарц хайсан, УИХ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтохтой уулзсан. “Тусалъя” гэсэн, гэхдээ 100 хувийнхаа 50 хувийг шилжүүлчих, тусгай зөвшөөрлийг нь шийдье гэсэн.
Тэр үед ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн гэж хүн байсан, тэрбээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын"Болдсофт" гэж компанийн хувь эзэмшигч байсан юм билээ.
Б.Балгансүрэн “Мэдээ, мэдээллийн суваг болгоё, “Цалиг” гэдэг нэр таалагдахгүй байна гэсэн. Би бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрөөд телевизээ “Молор” нэртэй болгож, 50 хувь нь миний нэр дээр 50 хувь нь УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоогийн нэр дээр шилжсэн.
Дундын компани байгуулагдсан гэж үзээд “Нар сар медиа”-г байгуулсан. Нөгөө талын хувь эзэмшигч хоёр хүн орж ирсний нэг нь УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Ц.Буянцогтоо байсан.
Үүний дараа телевиз маань 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 27-н хүртэл үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болсон. 28 сар хамтран ажилласан гэх үү, хөрөнгө оруулагч гэх үү ийм байдалтай явсан. Долоон сарынх нь зардлыг нөгөө тал гаргасан, үлдсэн 21 сарын зардлыг би ганцаараа дааж, дансаараа гаргасан. Үйл ажиллагаа хүндэрсэн, өр ширтэй болсон учраас хоёр тийшээ болохоор болсон. Эцсийн хувилбар нь И код гэдэг компаниас “Молор” телевизийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа болсон. 2015 оны дөрөвдүгээр сарын 10-нд "Эн Си Пи" гэдэг түрүүчийн нэвтрүүлгүүдээр яригдсан З.Хишигтогтохын оффис нь байрладаг байранд гэрээгээ хийсэн. Гэрээнд Д.Сангибат гарын үсэг зурж, телевизээ шилжүүлсэн.
Энэ болгонд телевизийн тусгай зөвшөөрөл сунгагдаж байсан. ХХЗХ-ны дарга өөртэй нь хамтарсан компани байгуулсан "Болдсофт" компанийн хувьцаа эзэмшигч учраас хугацааг яаралтай сунгаж байсан. Надаас телевиз шилжиж явсны дараа “Молор” телевиз нь улсын хэмжээнд нэвтрүүлэг цацахаар болж, өргөжсөн. Эзэмшигч нь н.Батдэлгэр гэдэг хүн болоод, хаяг нь Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах "Интер" компани болж хувирдаг. З.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэгт "Интер" компани нь байдаг. Гэхдээ одоо “Молор” телевиз нь “Малчин” телевиз болж хувирсан. Эндээс цэвэр сүлжээ байгаа нь харагдана. Надад бүх баримт бий, би хүнийг гүжирдэхгүй.
Гагцхүү шударга үнэний дүрийг эсгэсэн хүмүүс манай улс төрд гол суудал эзэлчихээд, чанга ярихаар нь сонгогчид "тэр хүмүүс ямар шударга хүмүүс вэ" гээд саналаа өгөөд байдаг. Нөгөөдүүл итгэл сэтгэл дээр тоглоод хуулийн дагуу мэт боловч хууль бус үйлдэл хийгээд байгаа нь харагддаг. Иймээс Л.Наранбаатар гэдэг залуугийн яриад байгааг дэмжиж, бид хэдий сайн ярина, тэр хэрээр нийгэм цэвэршинэ гэж үзээд би энэ тухай өнөөдөр ярьж байна. Төрийн өндөр албан тушаалтан дам нөлөөлчихөөд сүүлд нь сугараад үлддэг. Урд нь явсан хүмүүс гэмтэн болоод дуусдаг. Ам нээвэл уушиг нээ гэдэг, энэ асуудлаар дуустал нь явна” гэлээ.