Нийслэл хотын албан татвар хоёр хувь болж нэмэгдсэн эсэх талаар Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалагаас тодрууллаа.
Тэрбээр "Нийслэл хотын албан татварын хуульд өөрчлөлт орсон. Үүний дагуу хувь хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар нэмэгдүүлэн тогтоож, хоёр хувь болгосон юм. Энэ заалт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна" гэлээ.
Тус хууль нь нийслэл хотын нутаг дэвсгэр дээр үзүүлсэн үйлчилгээ, тухайлан заасан барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад үйлчилдэг байна.
Нийслэл хотын албан татварын тухай хуулиас:
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9-д заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
4.1.2."нийслэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;
4.1.3."бараа" гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг
4.1.4."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг
4.1.5."амралтын газар" гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг
4.1.6."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг
4.1.7."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг
4.1.8."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг
4.1.9."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг хамааруулна.
5 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар төлөгч
5.1.Нийслэл хотын албан татвар суутгагчаас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.