Говь-Алтай аймгийн Чандмань суманд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 00:34:47-д Говь-Алтай аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 40 км-н зайд өргөрөгийн 45.57 уртрагийн 98.38 солбилцолд 4.5 магнитудын хүчтэй хөдлөл боллоо хэмээн Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.
Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 3.5 магнитудаас хүчтэй газар хөдөлсөн тохиолдлуудыг сүүлийн долоон жилээр авч үзвэл 2015 онд 6, 2016 онд 5, 2017 онд 1, 2018 онд 6, 2019 онд 7, 2020 онд 12, 2021 онд 6 удаа болсон бүртгэгджээ. Харин 2022 он гарсаар энэ удаагийнхтай хоёр тохиолдол бүртгэгдэж байгаа ба өмнө нь нэгдүгээр сарын 17-нд Улаанбаатарын цагаар 23:04:47-нд Алтай сумаас зүүн хойд зүгт 46 км-н зайд өргөрөгийн 44.97 уртрагийн 95.24 солбилцолд 6.0 магнитудын хүчтэй хөдлөл болсон билээ.
Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай юм.