/TASS/. АНУ, Энэтхэгийн Батлан хамгаалах яамд энэ оноос сансар огторгуйн талаарх мэдээлэл солилцож эхлэхийн зэрэгцээ кибер орон зай дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр боллоо. Энэ тухай Пентагоны тэргүүн Ллойд Остин хоёр улсын Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Өнөөдөр [даваа гараг] бид сансар огторгуй болон кибер орон зай зэрэг батлан хамгаалахын шинэ салбарт технологийн шинэчлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал үүрэг хүлээлээ. Тухайлбал, энэ оны сүүлээр бид сансрын хамгаалалтын салбарт манай Сансрын командлал болон Энэтхэгийн Батлан хамгаалахын сансрын агентлагийн хооронд шинэ солилцоог эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн бид сансар огторгуйн салбарт хамтран ажиллах, илүү их мэдээлэл солилцоход түлхэц болох хоёр талын товч гэрээнд гарын үсэг зурсныг дуулгахад таатай байна. Мөн энэ оны сүүлчээр суруулилалт хийх замаар кибер орон зай дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Бид мөн байлдааны ажиллагааны бүхий л салбарт мэдээлэл солилцох хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна" гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна, талууд агаарт байрлалтай нисэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэхэд хамтран ажиллах, мөн Тэнгисийн цэргийн флотын шугамаар шуурхай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Пентагоны тэргүүн мөн БНХАУ “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон олон улсын тогтолцоог өөрчлөн байгуулахыг эрмэлзэж байгаагийн улмаас” хоёр улсын өмнө тулгарч бус “сорилт”-той холбоотойгоор АНУ-Энэтхэгийн хамтын ажиллагаа одоо онцгой ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэжээ. Вашингтон, Шинэ Дели Энэтхэг-Номхон далайн бүс нутагт "нийтлэг ашиг сонирхлоор холбогдсон" гэж тэрбээр үзэж байна.