Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн орны хувьд, тус байгууллагаас өгсөн зөвлөмж, мөн Эрүүл мэндийн яамны саналыг уялдуулан дээрх шийдвэрийг гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр онцоллоо. Тэрбээр, "2020 оны гуравдугаар сарын байдлаар, "COVID-19" -өөс урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 114 улс цэцэрлэг, сургуулиа бүрэн хаасан байна. Үүний улмаас 890 сая суралцагч хөл хорионд байгаа юм. Хорио цээрийн үед боловсрол, сургалтын ажлыг ямар хэлбэрээр хүргэх талаар олон улстай туршлага солилцохоор тусгай баг гаргасан" хэмээв.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг нэгдүгээр сарын 27-ноос зогсоож хөл хорионы байдалд шилжсэн. Үүнээс хойш сургалтын 1140 цагийн хичээлийг 18 телевизээр 180 гаруй багш ажиллаж нэвтрүүлжээ