Х.Нямбаатар: Өчигдрийн жагсаалтай холбоотойгоор саатуулагдаж байгаа ганц ч хүн одоо байхгүй

оруулсан Алсын Хараа

Өчигдрийн жагсаалын үеэр зарим хүнийг саатуулсан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тэрбээр “Өчигдөр шөнийн 04:00 цагийн орчимд нийтийн эмх замбараагүй байдал бий болсон. Жагсаж байсан иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нэлээд иргэн байсан.

Цагдаагийн байгууллага хууль, дүрэмд заасны дагуу жагсаал цуглааныг тараах уриалгыг чанга яригчаар тэнд жагсаж байсан залууст тавьж байв. Одоо цагдаагийн таван алба хаагч, төрийн тусгай хамгаалалтын хоёр алба хаагч эрүүл мэндээрээ хохироод байна.

Яг өнөөдрийн байдлаар жагсаал цуглаанд оролцсон ямар нэг хүнийг хорьж цагдаж байгаа зүйл байхгүй. Өглөө тодорхой залуусыг хуульд заасны хүрээнд өөрсдийг нь дуудаж, хувийн байдлыг нь тодруулаад гаргаж явуулсан.

Өчигдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдаж байгаа нэг ширхэг ч хүн одоо байхгүй” хэмээн хэллээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг би сайн нягтална. Үнэхээр буруу асуудал байгаа бол энэ уулзалтын дараа маш богино хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс жагсаал цуглаанд хуулийн дагуу эмх замбараатай байх тал дээр бид аль, аль талдаа анхаарах нь зүйтэй" гэв.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар залуучуудын тавьсан Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөх шаардлагыг хүлээж авсан талаар мэдээлсэн юм.

Тэрбээр "Залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авсан. Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигад идэгдсэн албан тушаалтнууд хуулиар ямар нэг байдлаар ял завшдаггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах асуудлыг бид ярьсаар өдий хүрсэн. Үүнийг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэн УИХ-д өргөн барина” гэв.

 

Сэтгэгдэл бичих