ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022 : Транзит нислэгээс 60 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой

оруулсан Алсын Хараа

“Монголын Эдийн засгийн форум-2022” “Шинэ сэргэлт” уриан дор 2 дахь өдрөө үргэлжлэн чуулж байна. Өнөөдөр аялал жуулчлалын салбарын сэргэлтийг хөндөн хэлэлцэж байна.

Аялал жуулчлалын салбарт манай улс өвлийн жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтойг салбарын сайд онцолж байна. Тодруулбал, манай улсад зун гадаадын жуулчдыг хүлээн авахаас гадна орон нутгийн нисэх буудлуудыг шинэчилснээр олон улсын зэрэглэлийн нислэгтэй болгож, ингэснээр манай улсад өвөл зохион байгуулдаг “Мөсний баяр”, “Бүргэдийн баяр” зэрэг уламжлалт үйл ажиллагааг үзэх жуулчид нэмэгдэнэ хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгож байна.

Аялал жуулчлалыг улирлын шинж чанартай болгож, Монгол Улсын өвлийн жуулчлалыг улс орнуудад сурталчлах боломж байна. Өвлийн улиралд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдааг өрнүүлэх, зочид буудлууд болон музейнүүдийн төлбөрийг хямдруулж үзүүлэх зэргээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэ талаар Аялал жуулчлалын холбоотой хамтран менежмент хийн ажиллахаар болж буйг дуулгалаа.

Мөн агаарын тээврийн транзит нислэгийг хөгжүүлэх явдал чухал байгааг хэллээ. Жишээ нь, Европоос Австрали руу үйлдэж буй нислэгийн зай дундаа заавал нэг зогсолт хийдэг бөгөөд үүнийг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд хийж байна. Тэгвэл энэхүү транзит зогсолтыг Монголд хийх боломж бий хэмээн онцолж байна. Транзит зорчигчдыг хүлээн авах транзит аялал жуулчлалыг хөгжүүлэх бааз суурийг бэлдсэнээр энэ талын аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоотойг өнөөдрийн “Монголын Эдийн засгийн форум-2022”-аар хөндөн ярилцана. Энэхүү боломжийн нөхцөлийг ханган ашиглаж чадвал Монгол Улс олон улсын дундын нислэгээс зөвхөн, жилд 20 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг олох тооцоо гарчээ. Энэ бол урьдчилсан тооцоо бөгөөд улмаар навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр транзит нислэгээр орох өгөөж улам дээшилнэ хэмээн үзэж байна. Агаарын тээврийн салбарыг либералчилснаар Япон, БНСУ зэрэг 10 гаруй орны зорчигчдыг визний хязгаарлалт болон шаардлагаас чөлөөлөх шаардлагатай. Энэ асуудлыг Засгийн газарт оруулж шийдүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих