Төрийн ордонд чуулж буй “Монгол Улсын Эдийн засгийн форум-2022”-ын хэлэлцүүлэг, үйл ажиллагаанд ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юнь Согхён оролцож байна. Форумын талаарх сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.
Тэрээр, “Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар танилцууллаа. Тулгарч буй сорилт, бэрхшээл, эрсдлийн хүрээнд нийгэм-эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэхээр төлөвлөн, дэвшүүлэн тавьж буй зорилт, бодлогын чанартай танилцуулга их сонирхолтой байлаа” гэв.
Хоёр жилийн өмнө цар тахлын цочролд орж байсан Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байсан ч урд, хойд хөршөөс хамаарсан бас шинэ шинэ сорилт, бэрхшээл тулгарч, эрдсэл бүхий гадаад хүчин зүйлийн нөлөө гарч ирлээ. Үүний нэг нь өндөр инфляц, мөн гадаад валютын 3-ны хоёрыг алдаад буй нөөц орж байна.
Юнь Согхён: Олон улсын хөрөнгө оруулагч нар ОХУ-Украины хямралт нөхцөл байдал Монголын эдийн засагт нөлөөлөхгүй гэсэн хүлээлттэй байгаа.
Монгол Улсын эдийн засгийн байдлыг харвал оны эхний 2 сарын төсвийн орлого өндөр байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулвал 50 хувийн өндөр орлоготой байв. Өмнөх жилүүдэд 15 хувиар сэргэж байсан эдийн засагт өнөөдөр төсвийн орлого хангалттай хэмжээнд байна гэж үзэж байна. Ялангуяа энд эрдэс баялгийн, тэр дундаа өмнөх жилүүдээс 3 дахин нэмэгдээд байгаа үнийн өсөлттэй холбоотойгоор нүүрсний орлого төсөвт эерэгээр нөлөөлсөн хэвээр байна. Өнөөдөр эдийн засгийн гадаад орчин тодорхойгүй байгаа хэдий ч ОХУ-Украины хямралт байдалтай холбоотойгоор олон улсын хөрөнгө оруулагч нар нөхцөл байдал Монголын эдийн засагт нөлөөлөхгүй гэсэн хүлээлттэй байгаа.
Гэхдээ өнөөдөр тулгараад буй БНХАУ-тай холбоотой хилийн асуудлаа шийдэж чадвал төсвийн орлогын тогтвортой байдлыг хангаж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Төсвийн нэгтгэл дээр бүтцийн өөрчлөлт хийснээр санхүүгийн дарамтыг бууруулна. Тиймээс юуны өмнө Монголбанк валютын зах зээлд интервенц хийх замаар арга хэмжээ авч валютын ханшийн уян хатан байдлыг хадгалах шаардлагатай байна. Ингэснээр ханшийн эрсдлээс хамгаалж, бодит салбарт эерэгээр нөлөөлж чадна. Мөн инфляцийг хязгаарлах чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаарх саналаа хэлэв.
Тэрээр, эрдэс баялгийн нөөц хэзээ нэгэн цагт барагдах тул уул уурхайн салбараас өнөөдөр олж буй орлогоо Баялгийн сандаа хадгалж урт хугацаанд, эдийн засгийн хамгийн үр ашигтай хэрэгжих төслүүддээ хэтдээ зарцуулах нь зүйтэй юм. Ингэхдээ эдийн засгаа дан ганц уул уурхайгаас хамааралтай байлгах бус, солонгоруулах тийм салбарууддаа зарцуулах нь чухал байна гэв.