ОХУ, Казакстанаас ирэх оюутнуудыг Орхон аймагт тусгаарлахаар бэлдэж байна

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-наас Орхон, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлалтын байрыг нэмэгдүүлж ОХУ, Казакстан Улсаас ирэх оюутнуудыг хүлээн авах бэлтгэлийг хангах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд Орхон аймаг эхний ээлжинд 200 орчим хүнийг хүлээж авах байрыг бэлтгэж бэлэн байдлыг хангаж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэллээ. Хэдэн хүн, хэзээ орж ирэх вэ гэсэн мэдээлэл, судалгааг Хилийн мэргэжлийн хяналтын газраас өгөх юм байна. Одоогийн байдлаар Дарханд 100 гаруй, Сэлэнгэ аймагт 60 орчим хүн ажиглалтад байна. Эдгээр аймагт ачаалал нэмэгдсэн тохиолдолд дараагийн ээлжинд хүмүүсийг Орхон аймаг руу шилжүүлэх төлөвлөлтийг гаргажээ.

Орхон аймаг эхний ээлжинд ажиглалт тусгаарлалтын байраар Учралт баяр Өрхийн эрүүл мэндийн төв, “Эрдэнэт сувилал” цогцолборыг сонгон ажиллаж байгаа. "Учралт баяр" ӨЭМТ-ийн инженерийн шугам гэмтсэнээс үүдэж байр ашиглалт, сантехникийн хүндрэлтэй асуудал үүсчээ.

Эрдэнэт сувилал цогцолборт 106 хүнийг авах боломжтой. Мөн Баян-Өндөр мед эмнэлгийг чөлөөлж ажиглалтын хүмүүсийг авах зохицуулалтыг хийсэн байна. Энэ мэтчилэн дараагийн ээлжийн бэлэн байдлыг хангаж хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийг ажиглалт, тусгаарлалтын байраар ашиглахаар бэлдэж байна. Тусгаарлах хүний тоо нэмэгдсэн тохиолдолд зочид буудлуудыг ашиглахаар хамтран ажиллах гэрээг байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт эмнэлгийн тусгаарлалтад 5,  гэрийн тусгаарлалтад 19 хүн байна.

Орхон /МОНЦАМЭ/ 

Сэтгэгдэл бичих