Төрийн үйлчилгээг цахимаар авснаар 80 тэрбум төгрөг хэмнэжээ

оруулсан Алсын Хараа

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх,  “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток энэ өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт зохион байгуулав.

Эстони улс нь дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Тус улсын “Цахим Засаглал”-ын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг юм байна. Тус байгууллагын зохион байгуулдаг сургалт, семинарт дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 6800 гаруй оролцогч хамрагддаг гэсэн судалгаа бий.

Ноён Ханнес Асток Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн удирдлага болон алба хаагчдад сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эстони улсын “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад 4 дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт  2019 оны 12 дугаар сарын 4-нд “e-Mongolia” системийн ерөнхий санааг гаргаж, тус системийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.

Харин өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Эстоничууд төрийн байгууллага руу ирж, буцах цаг хугацаа, дараалалд зогсох гээд төрийн үйлчилгээг уламжлалт аргаар авахад ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг ажээ. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр ердөө 30 минут л зарцуулдаг болжээ. Мөн тус улс нь өнөөдрийг хүртэл 1 тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар 2 тэрбум еврог хэмнэсэн тухай судалгаа бий.

Харин монголчууд төрийн үйлчилгээг уламжлал хэлбэрээр авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд “e-Mongolia” систем нэвтэрснээр өнөөдрийн байдлаар 2 сая иргэн давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд ойролцоогоор 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоолол гарчээ.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулснаар 7 хоног бүр 24 цагийн ажиллагаатай, идэвхтэй, мэдрэмжтэй төр бий болох аж. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуй нэгж байгууллага цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа авахын зэрэгцээ, төр тухайн системээр дамжуулан иргэдтэйгээ харилцаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой юм. Мөн төр цахим системээр дамжуулан иргэний бичиг баримтын хугацаа дуусах дөхөж байгааг сануулах, сунгах эсэхийг мэдэгдэх, хэрвээ иргэн бичиг баримтаа сунгахыг зөвшөөрвөл бичиг баримт нь автоматаар сунгагдаж, иргэндээ эргэн мэдээлдэг байх ёстой аж.

Харин манай улсын хувьд цахим шилжилтийн багц хуулиуд энэ оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр төр өөрт буй мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Мөн төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээллийг харахыг хүсвэл тухайн иргэнд “e-mongolia” системээр дамжуулан мэдэгдэл очих, иргэний баримт бичгийн хугацаа дуусах дөхөж байгаа эсэхийг мэдэгдэх хөгжүүлэлт хийж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих