“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа.

Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.   Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэнэ.

 

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах заалтыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-г “Хилийн боомтын  захиргаа” болгон өөрчилж, Сангийн яамны харьяанд байгууллаа.

· Засгийн газрын 2022 оны зээллэгийн төлөвлөгөөг баталж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

Сэтгэгдэл бичих