Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв өнөөдрөөс Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын харьяанд ажиллаж эхэллээ.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэдээлэхдээ, “Тус төвийг өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд “E-Mongila” академид шилжүүлсэн. Улмаар иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, төрийн эгэх хариуцлагыг нэмэх үүднээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайдын ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүлсэн юм. Одооноос иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг биечлэн болон утсаар, мессеж, цахим хуудас, веб чат зэрэг 12 сувгаар авдаг боллоо” гэв.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд төрийн 75 байгууллагыг холбож, иргэдийн санал хүсэлт, гомдолд хариу өгөх боломжоор хангаж байгаа аж.