Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөг баталсан тухай БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Хөшигийн хөндийд хот байгуулах төлөвлөгөөг үе үеийн Засгийн газар судалж, баталж байсныг БХБ-ын сайд мэдээллийн эхэнд тэмдэглэв. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас Шинэ онгоцны буудлыг дагаж "Аэросити" хот байгуулахаар шийдвэрлэж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Шинэ Зуунмод, Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулахаар тогтоол баталж байв. Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь тусгаж Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөлтийг баталсныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллийн үеэр онцоллоо.
Тэрбээр, "Дараагийн ээлжинд хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулна. Энэхүү төлөвлөлт батлагдсантай холбогдуулан эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, ложистик төвийн ойролцоо инженерийн дэд бүтцийн ажлыг зургийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард цахилгаан, дулааны хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан зэрэг инженерийн ажлын бэлтгэлийг хийж эхэлнэ.
Дэд бүцийн ажлын зургаар урьдчилсан байдлаар, 500 орчим тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар байна. Засгийн газраас энэ жил инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 33 тэрбум төгрөг тусгасан.
Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулах ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна" хэмээв.
Дээрх төлөвлөлт батлагдсантай холбогдуулан Хөшийгийн хөндий дэх авто зам, тээврийн сүлжээний шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөөд байна. Одоогоор хамгийн наад зах нь, газар чөлөөлөх ажил хүлээгдэж байгааг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллийн үеэр тодотгов. Цаашдлаад, Шинэ Зуунмод хотын хилийн цэсийн асуудал хөндөгдөнө. Мөн УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол батлагдвал тухайн бүсийг хэрхэн дэд бүтэцтэй уялдуулах асуудал ч хөндөгдөнө гэдгийг учирлав.