Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан. Тэрбээр хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа танхимын гишүүдийнхээ хамт хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа ч Монгол Улс экспортод гаргаж чадахгүй байна. Гашуунсухайт боомтоор автомашинаар гаргаж буй нүүрс Монголд хэдэн ам.долларын орлого оруулах вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт гэдэг ганц боомтоос манай улсын бүх экспорт хамааралтай байгаа энэ нөхцөл байдлаас гарахын тулд Ханги-Мандалын төмөр замыг барихаас өөр аргагүй болж байгаа. Гашуунсухайтын төмөр зам энэ оны 7, 8 дугаар сард хил дээр очино. Холбож байгуулах терминалд 1.5-2 жилийн хугацаа орно. Ханги-Мандалын төмөр замыг бид 10 дугаар сард ашиглалтад оруулна гэж тооцсон бөгөөд ингэснээр Гашуунсухайт болон Замын-Үүд дунд Бугаттай холбогдох шинэ гарц гэж ойлгож болно. Ингэвэл бид 3-4 гарцаар нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэх боломж бүрдэнэ. Энэ үед Монгол Улсын экспорт 2 дахин нэмэгдэх өөдрөг төсөөлөл бий. Бид БНХАУ-ын коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр авч байгаа.
-Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдөр өглөөний мэдээллээр 4.8 сая тонн нүүрс Цагаан хадад байна. Энэ нүүрсийг импортлогч өнгөрсөн онд мөнгөө төлөөд авчихсан. Энэ үлдэгдлийг л Гашуунсухайтаар гаргах гэж бид үзэж байгаа. Цаад талаас хангалттай хэмжээнд татаж чадахгүй, бид гаргаж чадахгүй байна. Харин энэ боомтоор шинээр нүүрсний экспорт гаргаж чадахгүй байна. Гэхдээ “Оюутолгой”-н зэсийн баяжмал хэвийн хэмжээнд агрч байгаа. Мөн Замын-Үүд, Бичигт, Хангийн боомтоор шинээр нүүрсний экспорт гарч байгаа. Бид эндээс л АМНАТ авч байна. Энэ оны эхний улиралд бид 652 тэрбум төгрөгийг АМНАТ-аас олох ёстойгоос 627 тэрбумыг нь олоод байгаа. Үүгээр Ирээдүйн өв санг санхүүжүүлж, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, хүнд үед ч Ирээдүйн өв сан үүргээ гүйцэтгэж байгаа юм.
-Хөгжлийн банкны зээлийн 3 төгрөг тутмын 1 нь төрд хамаарч байна. Энэ өрийг Засгийн газар өөрийн нэр дээрээ авах хэрэгтэй гэсэн саналыг Хөгжлийн банк гаргаж байгаа. Үүнийг шийдвэрлэх боломж бий юу?
-Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн өмчит үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг төсөв рүү чиглүүлнэ гэдэг ойлголтыг март. Ийм санал ирээгүй. Хөгжлийн банкны удирдлагууд албан ёсоор ийм санал тавиагүй. Яагаад гэвэл энэ зээлд ямар ч төсвийн баталгаа гаргаагүй. Төсөв үүрэг хүлээгээгүй учраас ийм эрх зүйн зохицуулалт байж болохгүй. Энд хоёр зарчмаар л ажиллана. Нэгдүгээрт, анх авахдаа ямар бизнесийн төсөл санал болгож, хэрхэн ажиллаж зээлээ төлнө гэж гэрээ байгуулсан юм. Тэр дагуу л ажиллах ёстой. Хоёрдугаарт, авахдаа, өгөхдөө хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ зарчмаар л ил тод ажиллана. Татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй зээл төлнө гэдэг ойлголт байхгүй.
-Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны үйл ажиллагаа олны шүүмжлэлийг дагуулж байгаа. Энэ байгууллагын байрыг эмнэлэг болгох боломж бий юу?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: МЗХ-нд хэвлэл мэдээллийнхэн хяналт тавьж, энэ асуудлыг босгож ирвэл би их баярлана. МЗХ өмнөх нийгэмд залуучуудыг хөдөлгөх гол хүч болж байсан бол одоо ямар зарчмаар ажиллаж, удирдлага нь хэзээ, хэнд шилжиж байгааг ойлгохгүй байгаа. МЗХ-ны байранд түрээсийн олон байгууллага байдаг гэсэн. Тэр түрээсийн орлого хаашаа ордог, ямар бүрэлдэхүүн удирддаг зэрэг нь яг үнэндээ хяналтаас гарсан. МЗХ гэдэг энэ байгууллага өөрийнхөө эрхэм зорилгын дагуу ажиллахгүй болоод удсан. Ийм байгууллагыг төр биш ч олон нийт хянах ёстой. Нэг мэдэхэд газрыг нь зараад шинэ барилга барьчихсан байдаг зэрэг олон асуудал өнгөрсөн хугацаанд гарсан. Тиймээс МЗХ гэдэг энэ олон нийтийн байгууллага дүрэм журмаараа ажиллах ёстой.
-Засгийн газар хэмнэлтийг хэрхэн хийх вэ?
-Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардалд хэмнэлттэй явж байгаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд энэ жилийн төсвийг батлахад Засгийн газрын тогтоолоор төсөв зарцуулахдаа хэмнэлттэй байхыг ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Үүнд Сангийн яам хяналт тавьж байгаа. Ер нь хүчээр шахуу төсвийн хэмнэлтэд шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид 640 тэрбум төгрөгөөр тэтгэврийн зардлыг нэмсэн. Үүний 310 тэрбумыг урсгал зардлаас, 330 тэрбумыг хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэсэн юм.
-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдыг хэзээ томилох вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сайдаар ажиллах хүн олдохгүй учраас томилохгүй байгаа юм биш. Үндсэндээ энэ хоёр яам өмнө нь агентлаг байсан. Өмнө нь байсан Эдийн засаг, хөгжлийн яам нь Сангийн яамтай ойлголцож ажиллаж чадаагүй учраас татан буугдсан. Дээрээс нь олон бонд зарцуулахад хоёр дахь Сангийн яам болоод байсан юм. Тийм учраас энэ яам бэхжиж, Сангийн яамтай ойлголцох хүртэл Сангийн сайд хариуцаж байгаа. Ингээд яам бүрд байгаа шилдэг боловсон хүчнийг татаж байгаа. Ингэснээр хөгжлийн бодлогоо Эдийн засаг, хөгжлийн яам, сангийн бодлогоо Сангийн яам барьдаг, хоорондоо өрсөлдөөнгүй, чиг үүргийн давхцалгүй ажилладаг болгох ажлыг Сангийн сайдаар хийлгэх нь зөв. Ингэснээр энэ яам илүү урт хугацаанд оршин тогтноно. Цахим хөгжлийн эрх зүйн томоохон шилжилт ХЗДХЯ дээр явж байгаа. Цахим шилжилтийн үр дүн гарч байгаа. Тиймээс энэ хуулийн багц асуудал шийдэгдэх хүртэл өнөөгийнхөөрөө явах нь чухал. Энэ жил дээрх хоёр яамны бодлого, боловсон хүчин бэхжих хэрэгтэй. Ингээд ирэх жилийн төсвөөс чиг үүргээ биелүүлээд явна. Засгийн газрын бүтцийг бид бүхэлд нь эргэж харах гэж байгаа. Үндсэндээ 1990 оноос хойш зарим хэсэг нь хуучин бүтцээрээ, зарим нь барууны бүтцээр ажиллаж байгаа.Үүнд бид хөндлөнгийн үнэлгээ хийж, Сингапур улстай хамтран ажиллахаар гэрээ хийж байгаа. Ирэх жилээс төрийн өнөөгийн бүтцийг чиг үүргийг нь давхцуулахгүйгээр зохион байгуулна. Засгийн газрын багц хуулийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.