Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн асуултад хариулав.
Олон нийтийн дунд Засгийн газар огцрохыг шаардсан хэсэг хүмүүс байгааг дурдаад, түүнээс байр суурийг нь тодруулав. Мөн монгол төгрөгийн ханш суларч байгаа энэ үед чиглэл хариуцсан албан тушаалтанд хариуцлагын асуудал ярих эсэхийг лавлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсад алдаа, оноотой олон зүйл бий. Гэхдээ авлигатай тэмцэх тэмцэлд би бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний хэлж байгаа, санааны зоргоор огцордог субект биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дунджаар Засгийн газар 1.5 жилийн настай, олон арван удаа солигдсон байна. Миний хувьд, тогтвортой ажилладаг, сонгодог парламентын засаглалд шилжихийг хүсдэг. Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ хамт даваад гарна" хэмээв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байсан. Төрийн өмчит газруудад хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайдын хувьд хамгаална. Монголбанк амаргүй цаг үед ажиллаж байна. Төв банк дотор хэдэн үзэгдэл, шүгэл сонсогдох боллоо. Эрх баригч намын даргын хувьд, аятайхан байгаарай гэж хэлмээр байна. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж төв банкны дараагийн Ерөнхийлөгч болмоор байна гэж ярьж яваа хүмүүсийн сураг сонсогдоод байна шүү. Залуус аа, амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал тулчихаад байхад албан тушаалтай зууралдах хэрэггүй. Тиймээс төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй. Авлигатай холбогдсон, өөрийн үүрэг даалгавраа биелүүлж чадахгүй албан тушаалтантай хариуцлага тооцно. Түүнээс биш амаргүй хүнд цаг үеийг сөрөн тэмцэж байгаа төрийн албан хаагчийг хамгаалах ёстой" хэмээв.