Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх захирамж гаргасан байна.
Уг захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Захирамжаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл Монгол хүн” зорилтот хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Захирамжид доорх зүйлсийг тусгасан байна.Үүнд:
-Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагчтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх,
-Онцгой албан татварын шатлал, ангилалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх,
-Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчилан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах,
-Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслол, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглох ,
-Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
-Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга хэрэгслийг боловсронгуй болгох, цахим техник технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд ногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах,
-Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах сөрөг нөлөө, хор уршгийг сурталчилан таниулах агуулгыг тусгах,
-Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бищийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах,
-Согтууруулах ундааны шошгонд согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөллийг талаар анхааруулах санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
-Нийт иргэн, аж ахуйн нэгж байгууллага архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг буулгаж, санаачлагатай оролцох, баяр ёслол, тэмдэглэлт өдөр ажлын байранд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай,
-Зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд цаг тухайд нь мэдээлж, тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгосугай,
Монгол Улсад 21-ээс дээш насны хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ жилд 55 литр, спиртийн хэмжээ 12 литр байгаа аж. Энэ ДЭМБ-аас тогтоосон дундаж хэмжээнээс хоёр дахин их байгааг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэв. ДЭМБ нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8-9 литр байвал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үздэг байна. Монгол Улс архины шалтгаант нас баралтын 100 мянган хүн ам тутамд 15 байгаа нь олон улсын дунджаас дээгүүр байгааг тэрбээр онцлов. Монгол Улсын 21-ээс дээш насны хүн амын 6.2 хувь буюу 90 мянган хүн архинд донтсон бол согтууруулах ундааны улмаас жилд 16 мянга гаруй хүн осолд орж, 23 мянган иргэн гэмт хэрэгт холбогдож байгаа аж. Дэлхий нийтэд согтууруулах ундааны хэрэглээг зохист түвшинд барихад татварын бодлого гол нөлөө үзүүлдэг байна. Монгол Улсад 38-40 хувийн хатуулагтай согтууруулах ундааны онцгой албан татвар нь 6960 төгрөг байдаг. Харин дэлхий нийтэд энэ хэмжээний хатуулагтай архинд нийт үнийн 60 орчим хувьтай тэнцэхүйц татвар тогтоодог аж.