“Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөн өчигдөр болсон юм. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Шударга байдлын судалгааны үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан. Мөн нийслэл дэх төрийн бус байгууллага болон нийслэлийн төрийн захиргааны байгууллагатай хамтран, сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа” гэсэн мэдээллийг өгөв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд НЗДТГ цахим үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, үүний үр дүн нь эхнээсээ гарч байгааг тодотголоо. Төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахдаа мөн шат дамжлагыг багасгах хэрэгтэйг онцолсон юм.
Х.Нямбаатар: Төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.
Оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна
Хотын дарга Д.Сумъяабазар: Бид амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хотыг бий болгох алсын хараан дор иргэд, оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд, аз жаргалтай амьдрах таатай боломжоор хангах зорилго тавин ажиллаж байна.
Төрийн албан хаагчдын сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж, сар, улирал бүр холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтарч ажиллана.
74 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн үйлчилгээнүүдийг цахим руу шилжүүлж байгаа нь авлигаас ангид байх томоохон алхам. Нийслэлийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх чиглэлээр манлайлж ажиллахыг уриалсан юм.