Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна

оруулсан Алсын Хараа

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Баянгол дүүрэгт ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаатай танилцлаа. Эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, холбогдох албаны хүмүүсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээ, мэдээллийг сонслоо.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг хавар, намрын улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Энэ дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэд маань дулааны улирал эхэлж байна гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй. Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар хангаж ажиллаарай” хэмээн ярилаа.

Баянгол дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул “Түүхий нүүрстэй холбоотойгоор Шуурхай штабыг байгуулж ажиллаж эхэлсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шуурхай штабын ажлыг хоёр дахин нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мэдээ, мэдээллээ цаг тухай үед нь нийслэлийн шуурхай штабт мэдээлж ажилладаг. Мөн дүүргийн албан хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлд гарч байна” гэлээ.

Дараа нь нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаа хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Сосор “Тавантолгой” ХХК-д дуудлага өгч ханын пийшингээ хөөлүүлж байв. нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал иргэний санал сэтгэгдлийг сонсож, зөв галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих