ЕХ-ны БНХАУ-тай хийсэн худалдааны алдагдал өнгөрсөн онд гуравны нэгээр нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

/Reuters/. БНХАУ-аас импортлох барааны хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор ЕХ-ны БНХАУ-тай хийх худалдааны алдагдал өнгөрсөн онд гуравны нэгээр нэмэгдсэн талаар ЕХ-ны Статистикийн газраас баасан гарагт мэдээлэв. Тодруулбал, 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд ЕХ-ны БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 хувиар нэмэгдэж 472 тэрбум юаньд хүрсэн байна.

Улмаар ЕХ-ны БНХАУ-тай хийх худалдааны алдагдал 249 тэрбум юаньд хүрчээ. Харин ЕХ-наас БНХАУ руу хийх экспортын хэмжээ харьцангуй бага буюу 10 хувиар нэмэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт Хятад, ЕХ-ны удирдагчдын цахим уулзалт дээр хэлсэн үгэндээ, БНХАУ-ын ЕХ-ны талаарх бодлого тогтвортой байгааг онцолсон байна.

Тоо баримтаас үзвэл, БНХАУ нь өнгөрсөн онд ЕХ-ны хамгийн том импортын түнш байсан бөгөөд экспортын хувьд АНУ, Их Британий дараагаар гурав дахь том экспортын түнш байжээ. БНХАУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг харилцаа холбооны тоног төхөөрөмж, дата боловсруулах тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл зэрэг бараа эзэлжээ. ЕХ-ноос БНХАУ руу автомашин болон түүний сэлбэг хэрэгсэл зэрэг барааг голчлон экспортолсон байна.

Сэтгэгдэл бичих