/Anadolu/. Польш улс Америкийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахад бэлэн байгаа тухай тус улсын шадар сайд Ярослав Качиньский “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. "Хэрэв америкчууд Польшид атомын зэвсэг байрлуулах хүсэлт тавибал бид нээлттэй байх болно. Энэ нь Москваг тогтоон барих хүчийг эрс нэмэгдүүлнэ" гэж Качиньский хэлсэн байна.
Польшийн шадар сайд түүнчлэн Зүүн Европ дахь НАТО-гийн хүчнийг эрс нэмэгдүүлэх, мөн эвслийн командлалын байрыг Польшид байгуулахыг санал болгожээ. Түүний хэлснээр, Умард Атлантын эвслийн 75 мянган цэрэг ОХУ-тай залгаа хилийн бүсэд байнга байх шаардлагатай аж.