Украин улсад явуулж буй дайныг эсэргүүцэж, ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна гуравдугаар сарын 26-нд жагссан монгол иргэдийг цагдаагийн байгууллагаас дуудаж, байцааж байна гэх мэдээлэл гараад байна.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “2022 оны гуравдугаар сарын 26-ны өдөр иргэн Э гэгчээс “ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд Д.Монголхүү гэх хүн Монгол-Оросын найрамдлын харилцааг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байгааг зогсоож өгөөч” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, иргэн Э гэгчийн гомдол мэдээллийн дагуу тухайн жагсаалыг зохион байгуулсан холбогдох хүмүүсийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг тайлбар авсан” гэлээ.
Түүнчлэн “Цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийг шинжтэй эсэхийг материалжуулан шалгаж тогтоодог. Хэрвээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэж үзвэл цааш Эрүүгийн хэрэг эсвэл Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явагдана. Хэрэв гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол хуулийн дагуу гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргадаг юм.
Цагдаагийн байгууллага өөрт хандсан гомдол мэдээлэл, дуудлага болгоныг шалгах, гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байгаа эсэхийг тогтоох үүрэгтэй. Иймд дээрх иргэнээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн үйлдэл нь зөрчлийн шинжтэй эсэхийг материалжуулан шалгаж байгаа” хэмээн тайлбарлав.