Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг сайжруулахтай холбоотой төслүүдийг санхүүжүүлнэ

оруулсан Алсын Хараа

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан хуралдаанд танилцууллаа.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Дэлхий даяар тархаад буй Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэл үүсээд байгааг төслийн танилцуулгад дурдав. Түүнчлэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ баталсан.

Эдийн засгийн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ”Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэл үүссэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Ингэснээр тус хөтөлбөрийн 50-аас дээш хувьд өөрчлөлт орохоор байх тул тогтоолын төслийг Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлтэй уялдуулан, Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Т.Доржханд, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүд чухам ямар үндэслэлээр зарим төсөл, арга хэмжээ хасагдаж, өөр арга хэмжээ нэмэгдэн орж ирэв гэдгийг тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан болон Ажлын багийн гишүүдийн хариулснаар, Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болсон, ТЭЗҮ нь хийгдчихсэн, бэлтгэл ажил нь хангагдсан арга хэмжээ 150 байсан бөгөөд нийт санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдан, таван төсөл нэмэгдэн орж иржээ. Нийт санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45.4 их наяд болж буурсан байна. Нэмэгдсэн төслүүдийн хувьд Ковидын вакцинжуулалт, цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилж, сайжруулахтай холбоотой төслүүд байгаа аж. Хасагдсан нь хэрэгжиж дууссан төслүүд хэмээн тайлбарласан. Зарим нэг төслийн хувьд санхүүжилт саатсан учир Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх төслийн жагсаалт бүхий хавсралт руу шилжүүлсэн гэлээ.

Санхүүжилтийн эх үүсвэр шийдэх шаардлагатай төслийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020, 2021 онд хийгдэж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн байна. Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байгаа, тодорхой хэмжээнд судлагдаж байгаа, хөгжлийн түншүүд судалгаагаа хийж эхэлсэн төслүүд нэмэгдсэн гэсэн хариултыг өгсөн. Харин Санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай гэсэн жагсаалтаас хасагдсан төслүүдийн хувьд ТЭЗҮ, зураг төслийг тодруулах, нэмэлт зайлшгүй хийгдэх ёстой арга хэмжээнүүд байгаа бөгөөд Зураг төсөл боловсруулах шаардлагатай арга хэмжээний жагсаалт руу шилжсэн гэсэн тайлбарыг өгсөн.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Монголбанкнаас 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Сэтгэгдэл бичих