Эрдэнэбүрэнгийн усан санг барих газрын иргэдэд нөхөн олговор олгоно

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулга хийсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнэс гурав дахин их хүчин чадалтайг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллийн эхэнд тодотгов.

Тэрбээр, "Энэ станц ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Бүтээн байгуулах ажил эхлэхэд бэлэн болсон. Ганц хүндрэл нь нөлөөлөлд автаж байгаа иргэд юм. Энэ нь ямар хүмүүс вэ гэхээр, шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж амьдарч байгаа тариалан эрхэлдэг, мал бүхий буюу 270 өрхийн 1251 иргэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтаар тэдгээр хүмүүст зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгоно. Тиймээс Засгийн газар нөхөх олговрыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайдтай зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гарна" хэмээв.

Хүлэмжийн хийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжиж буйг тэмдэглээд, "Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь УЦС юм. Өнөөгийн байдлаар манай улсад том чадалтай УЦС байхгүй. Байгаа долоон станц нь бага чадлынх бөгөөд үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. Гэхдээ системийн горимын тохируулга хийж чадахгүй байна. Нар, салхины эх үүсвэрээр тогтвортой үйлдвэрлэл явуулж чадахгүй учраас дэлхий нийтэд хувьсах эх үүсвэр буюу УЦС-ыг илүүд үздэг" хэмээв.

Оргил ачааллын үед одоо байгаа станцууд хэвийн ажиллаж чадахгүй байгаа тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахад Засгийн газар онцгой анхаарна гэдгийг дурдаад, зөвхөн Эрдэнэбүрэн гэлтгүй, Эг, Шүрэнгийн УЦС-ын ажлыг урагшлуулахад чиглэж байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл бичих