Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргаж бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолыг зохион байгууллаа.
“КОВИД-19”-ийн энэхүү нөхцөл байдлаас хамаарч 2020, 2021 онд “Алтан чагнуур” ёслолыг албан ёсоор цуцалж, 2 жил завсарласны эцэст ийнхүү 10 дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Энэ жил нарийн мэргэжлийн 16 иөрөлд шилдэг эмчийг шалгаруулж, "Алтан чагнуур"-ын эзнээр тодруулжээ. Шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас 50 гаруй эмч нэр дэвшсэн байна.
"Алтан чагнуур" шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.
Энэхүү ёслолд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр “Коронавируст халдварын улмаас олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал, бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш өнөөг хүртэлх 2 жил гаруйн хугацаанд манай улсын 56 мянган эрүүл мэндийн ажилтан, албан хаагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах, шаардлагатай бүхий л арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үүрэг хүлээж, өндөр ачаалал үүрч ажиллалаа. Монгол Улсаа хөгжүүлэх, Монгол хүн бүр эрүүл байх, дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголд хөл нийлүүлэн нутагшуулах, залуу эмч, бусад ажилтандаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх өндөр үүрэг эмч нарт ногддог. Энэхүү үүрэг хариуцлагаа манай үе үеийн эмч нар нэр төртэй биелүүлж ирсэн, цаашид ч улс орноо хөгжүүлэхэд тэргүүлэн манлайлах нь гарцаагүй үнэн билээ. “Эмч”-улс орныхоо хөгжлийг тэргүүлэн манлайлагч, нийгмийн амьдралд идэвхтэй иргэн гэдгийг коронавируст халдварын улмаас үүссэн гэнэтийн, ноцтой олон улсын онцгой байдлын үед бэлхэнээ гэрчлэн харуулж, 2021-2022 оны цар тахлын 4 хүнд давалгааны үед нэн хариуцлагатай нэр төртэй ажилласан, одоо ч ажиллаж байгаа Та бүхнээрээ бахархаж, талархаж байна. Энэ бүх хугацаанд та бүхний өмөг түшиг, бат бөх тулгуур байж, хамтдаа зүтгэсэн гэр бүлийнхэнд тань талархал дэвшүүлье. Коронавируст халдвараас хамаарч улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Засгийн газраас салбарын төсвийг нэмэгдүүлэх, салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан эрүүл мэндийн ажилтны ажлын бүтээмж, гүйцэтгэлээр олгох цалин, урамшууллын тогтолцоо бүрдүүлэх, эмнэлгийн удирдлага цалин, урамшууллын асуудлыг бие даан шийдвэрлэдэг болгох, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгийг онцлон дурдая. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн ажилтан нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, чармайлт, удирдан манлайлагчдын ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал" хэмээв.
Жил бүрийн 3 дугаар сарын 30-ний өдөр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг Монгол Улсад эмчдээ талархах "Талархлын өдөр" болгон 10 дахь удаагаа тэмдэглэж байна.