2021 ОНЫ БАЙДЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ 74.5 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

оруулсан Алсын Хараа

УИХ энэ долоо хоногт Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг 74.5 хувьтай байна гэж дүгнэжээ. Зарим УИХ-ын гишүүн "Олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байхад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт яахаараа ийм өндөр дүнтэй байдаг юм" хэмээн шүүмжлээд байгаа юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, таван спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулсан. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсон. Ингэснээр тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн,  цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэсэн зэрэг нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд эерэгээр нөлөөлсөн" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих