Цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн том хөл хорионы дэглэмийг Шанхай хотод зарлах болсноо Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. Тус улсын санхүүгийн төв, зарим хэмжүүрээр хамгийн том хот гэгддэг Шанхай хотод хоёр үе шаттай хөл хорионы дэглэмийг есөн өдрийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Энэ хугацаанд эрх баригчид хотын оршин суугчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ. Шанхай хотод коронавирусийн Омикрон хувилбарын дэгдэлт эхлээд сар орчим хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ Хятадын эрх баригчид эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс болгоомжилж, 25 сая оршин суугчтай энэ хотыг хөл хорионы дэглэмд шилжүүлэхээс цааргалж байсан юм.
Гэвч Бямба гарагт Шанхайд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Хотын зүүн хагас Даваа гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөл хорионд шилжих бол баруун хагас нь 1-нээс 5-ны өдрүүдэд шилжих юм байна.
Энэ хугацаанд хамрагдсан бүсийн үйлдвэр, байгууллагууд ажиллагаагаа зогсоож, гэрээсээ ажиллах горимд шилжих юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсохоор болжээ. Ням гарагт Хятад даяар халдварын 4,500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь дэлхийн зарим улс орнуудынхтай харьцуулахад өчүүхэн бага ч Хятадын стандартаар өндөрт тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: BBC