Боомтын сэргэлт: Орон нутгийн нисэх боомт буудлуудыг хувийн хэвшилд концессоор өгөх санал тавьж байна

оруулсан Алсын Хараа

“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнөх салбарын хэлэлцүүлэг өнөөдөр “Боомтын сэргэлт” сэдвээр болж, Сангийн яам, ЗТХЯ, Эдийн засаг, хөгжлийн яам хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг үдээс хойш “Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдвээр өрнөж, ЗТХ-ийн сайд Л.Халтар авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт төр, засгаас хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Зам, тээвэр, логистикийн хүрээнд хэрэгжүүлэх гол төслүүдээ товч танилцуулна уу?

-Боомтуудын сэргэлт нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд голлож буй, бидний хамгийн түрүүнд барьж авч хийх ажил юм. Өмнө нь боомтуудыг шинэчилэх талаар хэдийгээр яригдаж байсан ч болж байна гэж бодоод их анхаардаггүй байсан тал бий. Ковидын дараагаар энэ ажил болохгүй байна гэдгээр боомтуудаа сэргээхэд анхаарах боломж гарч ирсэн. Нөгөө талаар хөрш БНХАУ-ын хөгжлийн хэтийн хөтөлбөрт боомтуудыг сэргээх талаар тусгасан байгаа. Ингэж байж Хятад улс тэр их ачаагаа гаргана, мөн хэрэгтэй түүхий эд, бүтээгдэхүүнээ гаднаас авна. Аль аль талд авто болон төмөр зам, агаарын зам нь байна.

Бид боомтын сэргэлтийн хүрээнд авто болон агаарын, мөн төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 4 чиглэлийн ажил төлөвлөөд байна. Төмөр замд шинээр төмөр зам тавих, одоо ашиглаж буй төмөр замаа сайжруулж холбох 10 том төсөл хэрэгжинэ. Автозамд 16 шинэ төсөл хэрэгжүүлэхээс 15 нь хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох юм. 16 дахь төсөл нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 917.5 км, ачаа тээврийн зориулалттай, хүн даацын хурдны автозам тавих. Энэ замын олон улсын тендерийг ойрын хугацаанд зарлахаар бэлтгэж байна. Энд хөрш ОХУ, БНХАУ-ын тал идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байгаа.

Агаарын тээврийн тухайд одоо байгаа Хөшгийн хөндийн болон хуучин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” буудал, мөн Ховд, Дорнод аймаг дахь гэсэн агаарын 4 том боомтынхоо ашиглалтыг сайжруулна. Цаашид аялал жуулчлалаа хөгжүүлэх, мөн Олон улсын агаарын тээврийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага байгаа. Энэ хүрээнд Мөрөн, Даланзадгад, Увсын “Дэглий цагаан”, Хэнтийн Өндөрхааны гэсэн 4 нисэх буудлыг олон улсын 4С D зэрэглэлийн нисэх буудал болгох шаардлагатай байгаа.

Автозамын тухайд дахин тодруулж хэлэхэд ОХУ-тай хамтран ажиллаж, Байгаль нуурын зүүн талаар зам тавингуут Оросоос манай Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг буюу Эрдэнэт рүү автозамаар аялал жуулчлал хийж буцаад Алтанбулагаар гарах боломжтой болох юм. Мөрөнд нисэх онгоцоор буусан жуулчид заавал нийслэл хот гэхгүй, гол нь энэ чиглэлийн аялал нь Монгол орны онгон байгалийн үзэсгэлэнт газрууд, манай орны нүүдэлчний амьдралтай танилцахад орших юм.

Бидний төлөвлөж буй 5 дахь чиглэлийн ажил бол олон жил орхигдуулж ирсэн хуурай боомтыг хөгжүүлэх зорилт байгаа. Энэ талаар манай улс Олон улсын конвенцид нэгдэн орсон. Тэгсэн хэр нь хуурай боомтыг хөгжүүлэх ажил орхигдож ирсэн. Гэтэл энэ дээр хоёр хөрш улс маш их ахиц гаргасан. Жишээ нь, БНХАУ-ын хөгжлийн үсрэнгүй дэвшлийн нэг нөлөө нь хуурай боомтуудаа хөгжүүлэх явдал болж байна. Энд нь үйлдвэрлэл явагдан нэмүү өртөг шингээж, логистикоо шийдэж, худалдааны том хабуудыг байгуулж байна. Тэнд Эдийн засгийн чөлөөт бүсээ түшиглэн байгуулж байна. Хуурай боомтуудаа олон улсын тээврийн зангилаа болгож байна. Энэ бүхэн нь улсын хөгжлийг өргөж өгч байна.

Бид тэгвэл энэ талаар юу хийж байна гэхээр боомтуудынхаа гарцыг сайжруулж эхэлж байна. Цаашид яах вэ гэхээр чингэлгийн терминал барьж, жолоочгүй тээврийн хэрэгсэл, чингэлгийн дүүжин тээвэр зэрэг шинэ технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Бид боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэхдээ зөвхөн гадагшаа гаргасан чиглэл бүхий урсгалтай байх уу, эсвэл нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явагдсан, 1-2 удаагийн боловсруулалт хийсэн, дэлхийд гарах 1-2 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ийм байдлаар боомтуудаа хөгжүүлэхийг одооноос харж шийдэн төлөвлөн тооцох цаг болсон. Энэ талын эрх зүйг нь төр, засгаас бий болгож, бодлогыг гаргаад өгье, харин хийж хэрэгжүүлэх нь хувийн хэвшлийн ажил байх юм. Бид өнөөдөр хувийн хэвшлийн өмнө тогтвортой, баталгаатай бодлогыг нь гаргаж өгөөд дэмжэд явах нь чухал байна. Ингэсэн цагт цааш нь аяндаа, хүссэн хүсээгүй хувийн хэвшил томоохон төслүүдийг хийж гүйцэтгэнэ.

-Аймаг, орон нутгийн нисэх буудлыг шинэчлэх ажил одоо хэдэн хувьтай байна вэ?

-Энд бид 2 зүйл дээр голлон анхаарч байгаа. Нэгд, цаашид бид олон улсад нээлттэй байж нислэг үйлдэнэ гэвэл том оврын онгоц бууж хөөрөх зурвасын найдвартай ажиллагаа, талбайн урт өргөний асуудлыг шийдэх учиртай. Хоёрт, нисэх вокзалын хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал чухал. 200-300 зорчигчтой онгоц буулаа гэхэд буудлын хүчин чадал чухал. Ийм хүчин чадал байхгүй буудал манайд зөндөө байгаа. Тийм учраас энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид хамгийн эхлээд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн агаарын тээврийн компаниуддаа нисэх буудлуудыг тодорхой хугацаанд концессийн гэрээгээр эзэмшин авч тохижуулаад, 5-10 жилийн дараа ашиг олж, буцаагаад өгөх, хэрэгжүүлэх санал таввж байна. Өнөөдөр ИНЕГ буудлуудыг шинэчилэхэд хөрөнгө оруулья гэхэд эдийн засаг, санхүүгийн тийм хүчин чадал алга.

Яагаад гэвэл цар тахлаас үүдээд манай дээгүүр өнгөрдөг олон улсын нисэх урсгал хумигдаж цөөрсөн. Овоо гайгүй болох нь гээд энэ оны 1-2 дугаар сард өсөлт гараад эхэлсэн чинь Орос-Украины хямралт байдал ОХУ руу чиглэсэн олон хоригтой холбоотойгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг нислэгийн тоо эргээд 80 орчим хувиар буураад байна. Тиймээс навигацаас орлого олж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тодорхой хугацааны дараах асуудал болж хувирсан. Гэтэл аялал жуулчлал, бизнес, агаарын тээвэр биднийг хүлээхгүй учир эхний ээлжинд хувийн хэвшилдээ хандая, цаашид болохгүй бол гадаад, дотооддоо нээлттэй тендер зарлая гэсэн байдлаар орон нутгийн нисэх буудал, боомтуудаа сэргээхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих