Тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлжээ
Сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 662 сүм хийдийн удирдлагуудад захирамжийг хүргүүлж, хяналт тавин ажиллажээ.
Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус үйл ажиллагаа явуулж буй 46 сүм хийдийг илрүүлсэн байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж үйл ажиллагаагаа албан ёсоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй сүм хийдүүд ч байжээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 6 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь албан ёсны бүртгэл байхгүй. Энд нэн ядуу амьдралтай харж хандах хүнгүй орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.
Зарим сүм хийд нь тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байгаа аж.
Иймд тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох саналаа НИТХ-д хүргүүлсэн тухайгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.