Осака хотноо 15 хоног үргэлжилсэн сумо бөхийн Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд 12 даваатай Сэкиваке Вакатакакаге, Озэки Шодайтай барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 3 унаатай болсноор адил даваатай болсон Такаясү /М-7/-тэй нэмэлт барилдаан хийж хэн нь түрүү бөх болохоо шийдэхээр боллоо. Харин энэ өдөр 12 даваатай башёг тэргүүлж явсан Такаясү /М-7/, Сэкиваке Абитай учраа таарч түүнд окүритаоши мэхээр ойчиж 3 унаатай болсон юм.
Сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи бэртлийн улмаас башёг орхисон нь гурван Озэки цолтноос гадна олон бөхөд боломж гарч тэмцээн тун сонирхолтой өрнөсөн юм.
Харү башёгийн түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдаанд хүч үзсэн Сэкиваке Вакатакакаге, Такаясү /М-7/-г уватэдашинаге мэхээр хаяж Макүүчид анх удаа түрүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртлээ. Фүкүшимагийн уугуул, 28 настай /өндөр 181 см, жин 130 кг/ Сэкиваке Вакатакакаге ийнхүү 50 жилийн дараа энэ нутгаас төрсөн түрүү бөхөөр тодорлоо.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн сүүлийн өдрийн барилдаанд Котоновака /М-6/-тай учраа таарч түүнийг шитатэдашинаге мэхээр хаяж 8 даваатай башёг дуусгав. Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/, Тобизарюү/М-9/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлэв.
Харү башёгийн 15 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Эндо /М-4/-той хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна. Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Котоеко /М-12/-той хүчээ сорьж түүнийг котэнаге мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай болсон юм.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Котошохо /М-14/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 10 унаатай Харү башёг амжилт тааруухан өндөрлүүллээ. Шинэхэн Озэки Митакэүмигийн хувьд 11 даваатай, Шодай 9 даваатай, Такакейшо 8 даваатай энэ башёг дуусгалаа.