Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны бизнес уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна.
“Монгол-Энэтхэгий худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсаас Энэхтэг улсад сууж байсан Элчин сайд асан Г.Ганболд нарын албаны хүмүүс, Монгол-Энэтхэгийн бизнесийн төлөөлөл оролцож байна. Уулзалтыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж үг хэлэхдээ, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хувьд газрын тос, аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо бийг тэмдэглэв.
Манай улс БНЭУ-аас төрөл бүрийн эм, эмийн бүтээгдэхүүн, малын вакцин, цай, элсэн чихэр, утсан холбооны техник, тоног төхөөрөмж, ачааны машин импортоор авч байна. Тус улсаас хийж буй импорт өнгөрсөн онд 30 орчим сая ам.долларт хүрчээ. Энэтхэг улсад манай улс коксжсон нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, уран зэрэг ашигт малтмал нийлүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд Монголоос Энэтхэгт 170-аад мянган ам.долларын мал, амьтны самнасан ноос, хялгас, 60 мянган ам.долларын үхэр, адууны боловсруулсан шир, 40 гаруй мянган ам.долларын суурь машины металл хийц экспортолжээ.
Өнөөдрийн бизнес уулзалтын “Expanding 3T horizons for India and Mongolia” хэлэлцүүлгээр хоёр улсын харилцаа, уул уурхайн бус салбарын хамтын ажиллагаа, уламжлалт эмийн худалдаа, аялал жуулчлал зочлох үйлчилгээний талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Энэ үеэр болох аялал жуулчлалын салбарын хуралдаанаар хоёр улсын хоорондох эрүүл мэндийн болон шашны аялал жуулчлалын талаар хэлэлцэх бол боловсролын салбарын хуралдаанаар Энэтхэг улсад боловрол эзэмших боломж, Энэтхэгийн техникийн хамтын ажиллагаа (ITEC), Соёлын харилцааны зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах юм.