Зуны олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлэн монгол түмнээ баярлуулж буй Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-г Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.
Гаргасан амжилтаараа спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэхүү хүндтэй одонгоор шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллага, хамт олонд ийнхүү хүртээлээ.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өглөө.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар: “Монголын жүдочид олон сайхан амжилтаар монголчуудаа баярлуулж ирсэн. Олимпын наадмаас хамгийн олон медалийг Монголын жүдочид авчраад байгаа билээ. Ийм мундаг амжилттай хамт олныг МҮОХ-ны хамгийн дээд шагналаар шагнаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Монголын тамирчид олимпын наадмаас нийт 30 медаль хүртсэний 11-ийг нь жүдочид аваад байна. “Токио-2020” олимпоос Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.