“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг пүрэв гарагт холимог тулааны UFC холбооны эхний тулаанаа хийхээр пүрэв гарагт АНУ-ыг зорилоо.
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн ёслол хийх /2022.1.15/ үеэрээ жүдо бөхийн спортоор 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарласан юм.
Тэрбээр жүдо бөхийн олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ.
Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-д тулалдахдаа тус холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн байна.
Ташрамд сонирхуулахад, жүдо бөхөөс холимог тулаанд шилжин өндөр амжилт үзүүлсэн тамирчид цөөнгүй байдаг. Тухайлбал, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл медальт Ронда Рөүз, 2001 оны Азийн тивийн аварга, 2002 оны Бусаны Азийн наадмын аварга Ёшихиро Акияама, 2008 оны Бээжингийн олимпын аварга Сатоши Иший зэрэг тамирчдыг дурдаж болно.