Агаарын тээврээр тээсэн ачаа 3.6 дахин нэмэгдэв

оруулсан Алсын Хараа

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 2 сард 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдэв.

Агаараар энэ оны эхний 2 сард дотоодод 2.2 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7.4 дахин) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Агаараар тээсэн ачаа хоёрдугаар сард 760.5 тонн болж, өмнөх сарынхаас 358.2 (32 хувь) тонноор багасав. Үүнд олон улсад тээсэн ачаа 359 (32.1 хувь) тонноор багассан нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 2 сард 79.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.4 (5.4 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Агаарын тээврээр зорчигчид хоёрдугаар сард 38.1 мянга болж, өмнөх сарынхаас 2.9 (7.1 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Таван толгой, Тайланд улсын Пукет чиглэлийн зорчигчид цөөрсөн нь нөлөөлсөн  аж.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 2 сард 43.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 (3.9 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Ховд чиглэлийн зорчигч 29.8, Улиастай чиглэлийн зорчигч 11.5, Өлгий чиглэлийн зорчигч 9.5 дахин нэмэгдсэн нь нөлөөлөв. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 2 сард 36 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.4 (10.1 дахин) мянган хүнээр ихэслээ. Үүнд Сөүл, Станбул, Токио чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөллөө.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 2 сард 91.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.9 ( 6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Түүнчлэн, хоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.2 (2.7%) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 46.2 тэрбум төгрөг болжээ.

Сэтгэгдэл бичих