/RT/. АНУ-ын Худалдааны яам өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед гаалийн татвар ногдуулсан Хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтаас зарим нэр төрлийн барааг хасах шийдвэрийг лхагва гарагт гаргажээ.
Энэ тухай худалдааны хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчийн газрын бичгээр гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Уг мэдэгдэлд дурдсанаар, Хятадаас импортолж буй 352 нэр төрлийн барааг татвар ногдуулсан барааны жагсаалтаас энэ оныг дуустал хассан байна.
2018 оны зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын зүгээс “шударга бус худалдааны үйл ажиллагаа явуулж байна” хэмээн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нь 25 хувийн татвар ногдуулсан юм.
Дээрх шийдвэрийг олон нийтийн санал, АНУ-ын бусад байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан байна. Дональд Трампын үед татвар ногдуулсан, хугацааг сунгасан 549 нэр төрлийн барааг жагсаалтаас хасахтай холбогдуулан санал бодлоо илэрхийлэхийг олон нийтэд 2018 оны 10 дугаар сард санал болгосон гэдгийг худалдааны хэлэлцээнд оролцогч АНУ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ дурджээ.